Сонгуулийн их, бага “сунгаа” айсуй. Энэ жил Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийг УИХ-тайгаа хамт, нэг өдөр сонгох юм. Нийслэлчүүдийн хувьд НИТХ-ын төлөөлөгчдөө сонгоно гэдэг УИХ-ын гишүүдийг сонгохоос ч дутахгүй чухал. Нийт хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг, замын түгжрэл, утаа тортог, хот төлөвлөлт гээд толгойны өвчин болсон олон асуудлууд шил шилээ даран хүлээж буй.

Улс төрийн хүчнүүд НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчээ тодруулж, бүртгүүллээ. Ийм үед нийслэлчүүд хотын “парламент”-д нэр дэвшигчдийн хэн нь бэ, намуудын сойж байгаа баг, толгойлж орох эрхэмийг сонжиж байна. Өрсөлдөөн МАН, АН-ынхны дунд хүчтэй өрнөх төлөвтэй. АН-ын хувьд Хотын дарга Э.Бат-Үүл толгойлж орно. Харин МАН-ын хувьд Ц.Сандуй удирдана. Энэ хоёрын аль аль нь намдаа ялалт авчирч нийслэл хэмээх их “айл”-ыг залж явахын төлөө өрсөлдөнө. Энэ хоёр эрхэмийг Улаанбаатарчууд харьцуулж байгаа. Ялсан нь хотын дарга болж ирэх дөрвөн жилд Улаанбаатарын өнгийг тодорхойлно.

Өмнөх НИТХ-ын сонгуульд цагаан толгойтой, Үүл баатар АН-ын “магнайг” манлайлж, гэр хорооллыг хаус хороолол болгоно, хотын өнгө төрхийг өөрчилнө гэж амлан ялалт байгуулж байлаа. Тэрээр энэ дөрвөн жилд амласнаа бүрэн биелүүлээгүй ч , гар хумхин суугаагүй. Зам, тохижилтын чиглэлээр нүүр улайхааргүй ажилласан. Гэр хорооллын дахин төлөвлөлт нь ахиц муутай ч эхлүүлсэн гээд хийсэн ажил болгоноо, өөрчилсөн бүхнээ сурталчилж байгаа. Улстөрийн туршлагын хувьд ч, хат сууснаараа ч Ц.Сандуйг дагуулахгүй хашир “бурхи”. Түүнийг хийсэн, бүтээснээр гоочилж рейтингийг нь унагах гэвэл барахгүй л болов уу. Харин хүүгийнх гэр хороолол төлөвлөлтийн төсөлд ороод бүтэлгүйтсэн, офшор данстай зэрэг нь хасах оноог цуглуулж буй. Ийм үед МАН-аас нэр цэвэр, ажил хэрэгч, шинэ, залуу лидерийг сөргүүлж тавьсан бол ялах магадлал нэмэгдэх байлаа.

Ц.Сандуй МАН-ын залуу халаа гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ нэр цэвэр биш. Базаахгүй имижтэй гэхүү дээ. Түүнийг газрын албаны даргаар ажиллаж байх үед хууль бус газрын наймаа, газар өмчлөл хүчээ авсан талаар одоо ч яригддаг, хэвлэлээр бичигддэг. Түүний дүү Ц.Сэргэлэн офшор бүсэд данстэй нууц ноёнтонуудын эгнээнд багтчихлаа.

Ц.Сандуй, Э.Бат-Үүл хоёрын хэн ялалтын туг хатгах нь багаас ихээхэн хамаарна.

Үүл баатрын хувьд багаа атгасан шагай шиг зангидахыг чухалчилж байна. Тэрээр шинээр гурван хүн нэмснийг эс тооцвол хуучин багтай бага “сунгаанд” орох нь. Тэдний багийнхан харьцангуй туршлагатай, бас олонд түлхүү танигдсан талдаа.

Харин Нийслэлийн газрын албаны даргаар олон жил ажилласан Ц.Сандуй дарга энэ удаа багтаа нэлээд шинэчлэлт хийсэн нь хуучнаасаа дордуулсан гэх хандлагыг авчраад байна. Төрийн албаны “тогоонд” олон жил чанагдаж чамлахааргүй туршлага хуримтлуулсан түүнийг ийм гоймоо алхам хийсэнд гайхах хүн цөөнгүй байгаа. Дөрвөн жил дүүргийн намын хороо, үүрээ “тордож”, товлосон тойргоо “усалж”, идэвхитэй ажилласан горьлогчдыг жийгээд шинээр баахан залуучууд оруулж иржээ. Хувийн бизнес, өндөр цалинтай ажлаасаа хүртэл татгалзаад намынхаа ажилд ханцуй шамлан зүтгэсэн хүмүүс цөөнгүй бий гэнэ. Тэд НИТХ-д хүч сорихыг зорьж байж.

Дөрвөн жилийн зүтгэлээ баллуурдуулсан нөхдүүд бухимдаж, хоорондоо хөлөө жийлцэх болжээ. Хагарал нь улам ширүүсч байгаа сурагтай. Гомдогсод шинэ хүн тухайн тойрогт нэр дэвшихэд алга ташин угтахгүй нь тодорхой. Адаглаад бий болгосон бүтэц, сүлжээгээ эсрэг ажиллуулах магадлал ч өндөр байна. Ийм хүмүүс цөөнгүй байгаа ч ил гарахыг хүсэхгүй. Мэдээж далдуур эсрэг ажиллана. МАН-ын даргадаа хүртэл тэд алтан хошуу өргөсөн гэх. Үүнд М.Энхболд дарга бухимдаж, Ц.Сандуйг бангадсан бололтой байна.

Ялалт, ялагдлын торгон мөчид багийг задалж, дотроо тэмцэлдэх нөхцөлийг бүрдүүлэх нь ялагдлын “нүх” ээ өөрсдийн гараар ухсантай ялгаагүй. Үүнийг анзаарсан зарим хүмүүс Ц.Сандуйгийн тактикгүй үйлдэл багаа “торгуулийн суман” болгочихлоо гэцгээж байна. Үүнийгээ ч далдлах гэж Нийслэлийн АН хууччуулаа, МАН шинэ залуусаа сонголоо гэж пиардаж байгаа ч нам доторх зөрчилдөөн сайхны дохио биш гэлтэй.

Ц.Сандуйгийн багийнхны талаар болон НИТХ-ын тойрог бүрийн өнгийг цувралаар хүргэх болно.

Х.Тэргэл

Үргэлжлэл бий...

 

Эх сурвалж: TIMES.MN