Хэд хоногийн өмнө нэр бүхий телевизүүд Сонгуулийн Ерөнхий хорооны шийдвэрийг эсэргүүцэн мэдэгдэл хийж, заргаа авав.

Сонгуулийн сурталчилггааны 18-хан хоногийг 16 телевизэд өмчлүүлсэн шийдвэрийг тэд цуцлуулж чадлаа. Энд сонгуулийн хороо буруутай гэхээсээ эрх баригчид хууль тогтоогчдын хийсэн явцуу хуулийн нөлөөлөл гарч байгаа юм. Их хурлын сонгууль төдийгүй НИТХ-ын сонгуулийг зэрэг явуулахаар хуульчилсан байтлаа сурталчилгааны хоногийг давчуу тавьж шинэ хүмүүс танигдах боломжийг илт хаасан. Энэ уяагаа улам бөхөлж сурталчилгаа цацах телевиз хэвлэл мэдээллийн тоо ч хязгаартай болгож эхэлсэн.Давхих морьдын тоо гурав дахин нэмэгдээд байхад барианы зурвасыг хоёр дахин ойртуулсантай адилзүйл хийчихээд байгаа.

 

Гуравдагчийн зайг шахсан алхмууд үүгээр дуусахгүй бололтой. НИТХ-д нэр дэвшихээр үзээд шаардлага хангаагүй хасагдсан азгүйчүүд бүгд МАНАН-д үл хамаарах гуравдагч хүчин эвслийнхэн, мөн бие даагчид байв.

 

Нийслэлийн сонгуулийн хорооноос НИТХ-д бие даан нэр дэвших материалаа өгсөн 19 нэр дэвшигчийг бүртгээгүй байна. Энэ нэр дэвшигчид хэдий шинэ хүмүүс ч насанд хүрээгүй хүүхдээр гарын үсэг зуруулаад явж байхаар тийм хариуцлагагүй хандсан гэхэд итгэхэд хэцүү.

 

Тусгаар тогтнол, эв нэгдэл эвслийн талаас нийслэлд 32 хүн нэр дэвшүүлжээ. Үүний талаас илүү нь буюу 19 хүн нь хасагдаж. Ёстой салхи оруулахгүй сонгууль болох бололтой.

 

УИХ-ын сонгуулийг жижигсгэсэн 76 тойрогт зохион байгуулах болсонтой холбогдуулан Үндэсний аудитын газраас өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд 3.4 тэрбум төгрөгөөр тогтоосон байсан сонгуулийн зардлын дээд хэмжээг 4.4 тэрбум төгрөг болгож нэг тэрбумаар нэмэгдүүлсэн.

 

Харин нэр дэвших боломж улам хязгаарлагдаж, шинэ улс төрийн хүчинд цухуйх зай өгөхгүйгээр хийсээр байна. Энэ бол хатуу хэлэхэд луйврын сонгууль эхэлсний шинж. Сонгууль тойрсон шуугианд хоёр намын сэтгэл ханамжийг эс тооцвол “ сайн” мэдээ алга байна.

 

Анхандаа засгийн ажил байгаад одоо салбарын сайд, дарга нар нэр дэвшигчдийн тойрогтоо хийсэн ажил болж хаяглагдсан зам бүтээн байгуулалтын ажлыг бүгдийг зургаадугаар сарын дундуур дуусгаж тууз хайчлуулахаар шахаж эхэлсэн байна. Ард нь чанар гүйцэтгэл ямар үлдэхийг бид харах л байх.

 

Эртнээс энэ сонгуулийн сүүлийн дүр зургийн нууцыг мэдэж тойрогтоо юмаа хийж эхэлсэн нь хуулийн сурталчилгааны 18 хоногт хэдэн тууз хайчлаад гараад явчих бололтой. Шинэ хүчнийхэн бие даагчид ном хэвлэлээ ч тарааж амжилгүй санал өгөх өдөртэй тулах нь бараг тодорхой болов.

 

Одоо сайн таньдаг хууччуул буюу Буян Жагаа, Гавьяат эдийн засагч засагч Н.Дашзэвэг, Нарантуулын Ш.Сайхансамбуу, Босоо Ганбаа нарын төлөөлөл. Тэдний адил бие даасан бодолтой, тархиндаа боловсролтой, хэтэвчиндээ мөнгөтэй хэдхэн хүн жоохон зайгаар нь бяр зааж гарч ирэхгүй бол ирэхсонгууль бүүр жижгэрч нахисан 76 -ын наадам болох талдаа гарлаа.

 

Одоо парламентад өгч буй олон нийтийн үнэлгээ хасах талдаа гарч байгаа. Харин сонгуулиар бүгд онц ажилласан мэт дахин соногдоод ирэхэд гайхах зүйлгүй боллоо. Монголчилж жижиглэсэн 76 вант улсын сонгуулийн бэлтгэл хангагдаж байна.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /