Өчигдөр “Скай Ресорт” баазад “Сити Слайд” буюу их хотын усан гулгуур нээлтээ хийсэн. Азидаа хамгийн урт гулгуур хэмээгдэж байгаа 300 метр урт уг гулсуур гурван замтай. Эхний замаар гэр бүлээрээ гулгахад буюу хүүхэд гулгахад тохиромжтой бол үлдсэн хоёр зам залууст зориулагдсан юм байна. “Ситил Слайд” багийнхны мэдээллэснээр үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тусгай бэлтгэгдсэн ажилтнууд гулгах замын эхэн, дунд, төгсгөл хэсэгт ажиллаж байсан. Мөн тус газрыг зорин үйлчлүүлэгчдэд өдөр бүр буюу Драммын театрын урдаас автобус үнэ төлбөргүй үйлчилсэн юм.

Гэвч өчигдөрхөн нээлтээ хийсэн уг усан гулгууртай холбоотой эхний санал, гомдлууд гарч эхэллээ. Тухайлбал, өчигдрийн үйл ажиллагааны үеэр нэг замаар олон хүн зэрэг гулгаж байсан тул бие биенийгээ мөргөх, бэртээж гэмтээх зэрэг ослууд их гарч байсан гэв. Хүүхдүүдээ баярлуулахаар очсон зарим эцэг эхчүүд ойр хавьд эмч байхгүйн улмаас хотын төв рүү эмнэлэг бараадахаас өөр аргагүй болсон тухайгаа цахим хуудаснаа нийтэлсэн байна.

Мөн гулгахаар очсон хүмүүс маш их байсны дээр ариун цэврийн шаардлага огт хангагдаагүй байсан тухай гулссан хүмүүсийн сэтгэгдлээс харж болно. Усны зориулалтын хувцас өмсөөгүй, жинстэй, өмдтэй, тэр ч байтугай гуталтайгаа гулссан хүмүүсийн шавар шороо нь гулсуурын доод хэсэгт тунаж, араас нь гулсаж ирэх бага насны хүүхдүүд тэр уснаас амаараа хутгаж байсан нь энүүхэнд юм.

Хэдийгээр шинийг санаачилж, Азидаа хамгийн уртад тооцогдох усан гулгуурыг эх орондоо нээж, хүүхэд залуусын очих газрыг нэгээр нэмсэн нь сайшаалтай ч эрүүл ахуйн шаардлага, аюулгүй байдлыг эн тэргүүнд тавих ёстойг нээлтийн үеэр үйлчлүүлсэн иргэдийн бухимдлаас харж болохоор байна.

Эх сурвалж: www.hunnu.mn