Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас. Биеэ засахад мэдлэг боловсрол хэрэгтэй байдаг бол гэрээ засахад амьдралын туршлага чухал.

Харин төрөө засахад энэ хоёулаа хэрэгтэй. Гэрээ байтугай биеэ ч засаагүй нөхдүүд манайд төрөө засах гээд байдаг. Биеэ засаагүй хүний ганц хийх зүйл нь хулгай юм шүү дээ. Амь, амьдралын туршлагагүй хүмүүс алдаанаас өөр юу хийх вэ дээ. Улс орон хөгжихгүй өөдлөхгүй байгаа бол “насанд хүрээгүй” толгой хоосон баньд нар төрийн толгойд дураар дургисных шүү дээ. Нас бие гүйцэж санчигны нь үс бууралтсан амьдралын туршлага суусан эрс төрийн толгойд үгүйлэгдэнэ. Тэд хийх ёстой ажлаа орхиод хаана явна вэ? Хоосон толгойтой хүмүүс л хоосон төртэй л болгоно.

 
Хүн биеэ засахад юуны түрүүн 10 жилийн хугацаа хэрэгтэй. 20 настай залуу биеэ засаж эхлэхэд 3 жилийн дотор бакалаврын зэрэгтэй болох замаар энэ бүхэн эхлэнэ. Бакалаврын дараа 2 жил магистер хийж ядахдаа ном уншиж уншсанаа ойлгож түүнийгээ хүнтэй хуваалцаж ярилцах чадвар хэрэгтэй бөгөөд энэ тийм ч амар зүйл биш. Хүн 5 жилийн дотор ямар нэг мэргэжил сурах боломжтой гэж энэ дэлхийн их дээд сургуулиуд байгуулагджээ.
 
Америкт эсвэл Азийн Японд ч 5 жилд мэргэжил эзэмших боломжтой гэдэг ч жинхэнэ мэргэжилээ сурсны дараа ажил дээр гарч түүнийгээ хэрэглэж сурсан цагт одоо л нэг мэргэжлийнхээ утга учрыг оллоо гэдэг. Багш хүн багшилж үзэж байж л багшийн мэргэжлээ баталгаажуулна. Эмчийн мэргэжил сурсан хүн өвчтөнийг эмчилж байж л сая эмч гэдгээ баталгаажуулна. Баталгаагүй мэргэжлийг баталгаажуулна. За ингээд хүн өөрийгөө бэлдэж биеэ засахад даруй 10 жилийг зарах ажээ. 20 насан дээр 10 жилийг нэмэхэд даруй 30 нас.
 
Төр авч явах гэж буй хүмүүс гэр бүлтэй болж ядаж ганц ч гэсэн охин эсвэл хүүтэй болох хэрэгтэй. Аав гэдгээ эсвэл ээж гэдгээ батлах хугацааг 30-40 насны хооронд явагдана хэмээн орчин үеийн ном зохиолууд зааж сургасаар. Эрт дээр үед бол тусгайлан суралцаж олж авсан мэрэгжил боловсролгүйгээр хар амиа аваад явах боломжтой байж. Хуучин цагт гэр бүлтэй болж хэдэн ч хамаагүй хүүхэдтэй болох явдал нийтлэг байж. Тэгвэл орчин үед олон хүүхэд төрүүлэх явдал, орчин үеийн хүн мэдлэг боловсролд амьдралынхаа ихэнх цагийг зарцуулахгүй л бол хүний зэрэгтэй амьдарч иргэнлэг явах боломжгүй болжээ гэдгийг харуулж байгаа хэрэг.
 
Амьдрал ийм л хугацаанаас хамааралтай. Түүнийг товчлох гэж оролдвол үүн шиг харалган гэнэн оролдлого үгүй.
 
Юм үзэж нүд тайлсан, ном уншиж тархи толгой нь хөгжсөн цаашлаад ухаан сууж мэдлэг боловсролоор хахаж цацаж амьдралын туршлагаар дүүрч бялхасан хүмүүс одоо л төрийн хэрэгт оролцох учиртай. Тэгээгүй дутуу дулмаг бол төрөө яаж засаж чадах билээ дээ. Тиймээс өнөөдөрийн төр чадваргүй байх нь аргагүй. Мэдлэг боловсролгүй хүн яаж төрийн ажил хийх вэ? Японы нэг ерөнхий сайд ердөө л дөрөвдүгээр анги төгссөн байсан гэдэг. Гэхдээ хашир эр үүнийг нөхөж чадсан гэдэг. Японы баялаг номын санд тэрээр олон жил ном уншиж биеэ дааж мэдлэг боловсрол эзэмшиж чаджээ. Энэ хатуужилтай эр ийм л зоригтой гэдгээ харуулсан тул төрийн ажил хийх үедээ хэний ч мэдлэг боловсролоос дутахгүй гэдгээ баталж ер гологдоогүй гэсэн бодит хүний намтар бий.
 
Монгол оронд дөрөвдүгээр ангийг төгсөөд сургуулаас гарсан хүн биеэ даагаад номын санд ном уншсаар байгаад мэдлэг боловсролтой болох боломж үгүй шүү дээ. Орчин үеийн хүн унших ёстой жинхэнэ ном тэнд үгүйлэгдэнэ.
 
Зөвхөн мэргэжил сурах бус амьдралд өргөн мэдлэг боловсролыг шаарддаг. Тиймээс л хугацаа их ордог. Багш хүн зөвхөн физик математикаа мэдэх биш бас хүүхдийн ухаан болон сэтгэлийг нэвт шувт мэдэх мэдлэг хэрэгтэй. Хүүхдийн сэтгэлийг мэдэхгүйгээр зөвхөн томьёо заагаад юу ч бүтэхгүй. Маргааш нь л мартана. Тиймээс яагаад мартдаг мөн мартуулахгүйн тул хэрхэн заах тэр мэдлэг бас давхар хэрэгтэй.
 
Монголчууд өнөөдөр залуу хүнийг шүтэж залуу л бол шинэ зүйл эсвэл өөрчлөлт ирнэ гэсэн алдаатай мухар сүсгийг тарааж амьдралын туршлагатай мэдлэг боловсролтой хүмүүсээс татгалзах болжээ. Мэдлэг боловсролд хугацаа хэрэгтэй тийм ч учраас заавал олон жил суралцах ажил гардаг. харин дотоодын чанаргүй сургуулийг хэдхэн жилийн дотор төгсөж диплом авахтай андуурч болохгүй. Дэлхийн улс орнуудын жинхэнэ их дээд сургуулиудыг манайхтай харьцуулах ямар ч боломжгүй. Гадаадад очсон гэнэн залуус олон жил сурах шаардлагатай гэдгийг сонсоод л зарим нь айж сүрдэж буцаад эх орондоо ирж хөнгөн шингэн сургууль төгсдөг заншил тогтжээ.
 
Залуу хүнд юм сурч, туршлага суух талаар зөвлөхийн оронд онгироож ашиглаж гар хөлний зарц болгож улстөрийн намуудын бууны нохой болгож эсвэл иргэний хөдөлгөөн гэж гудамж руу гаргадаг тэр үеүд өнгөрөх учиртай. Залуу хүнийг шууд дарга болгож улс орны хариуцлагатай ажил үүргийг хүлээлгэж баллуулсан жишээ хувьчлал гэх 90-ээд оноос эхлэлтэй. Бид үйлдвэр мэдэхгүй залуу хүнийг үйлдвэрийн газруудыг хувьчилаад өг гэж дарга болгон улс орноо алжээ. 30 нас хүрээгүй хүнийг боловсролын сайд болгож бүхэл бүтэн боловсролын системийг балласан гайгаар хувийн нэртэй ашгийн төлөө гадаад дотоодын нэртэй сургуулиуд борооны дараах мөөг шиг л олширчээ.
 
Монгол хүн хэзээ насанд хүрч мэдлэг боловсролыг харгалзаж улс орны хариуцлагатай хүндтэй ажлуудыг дааж хариуцдаг тийм зарчимч цаг үетэй золгох вэ? Нас насаараа ажиллаж хөдөлмөрлөдөг тийм нас насандаа хүмүүсийн нийгэм үүсэж хөгжих цаг болжээ. Мэдлэг боловсролоос халширдаггүй мөн дэлхийн жинхэнэ их дээд сургуулиудад зоригтой хатуужилтай сураад хуурамч биш жинхэнэ дипломтой болоод ирэх тийм чансаатай монголын охид хөвгүүд хаана явна вэ?
 
Яагаад 50 эсвэл 60 нас хүрсэн туршлагатай сэтгүүлчид нийгмийн амьдралыг тодорхойлж сурвалжлага авч зурагтаар ярьж шүүмжилж нийгмийг сэргэтэл ярилцлага мэтгэлцээн явуулахгүй байна вэ? 30 хүрээгүй настай жижигхэн охид хөвгүүдийг хэн сэтгүүлч гэж онгироож хөөргөж бууны нохой болгож ийш тийш нь илгээнэ вэ? Нас насаараа ажиллаж хөдөлмөрлөж нийгмийнхээ төлөө явцгаая л даа. Эрдэм мэдлэгээр бус зөвхөн насаараа түрий барьсан залуус нүдэн дээр чинь энэ улс төрийн намуудыг баллаж байна шүү дээ. Шударга байцгаая л даа. Мэдлэг боловсролтой туршлагатай насанд хүрсэн биеэ зассан мөн гэрээ зассан хүмүүс гарч ирэх цаг болжээ. Охид хөвгүүд сургуулийн үүд татаж 40 нас хүртэлээ ном уншиж суралцах замаа л дагасан нь өлзийтэй болов уу. Яарах хэрэггүй яарвал даарна.
 
Биеэ засацгаая л даа. Гэрээ засацгаая л даа. Төрөө засахад болзол хангасан хүмүүсийн эрэлд гарцгаая л даа. Нас насандаа зөв монголчууд болцгооё л доо.