AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбоо / ОУСБХ/-ны ээлжит бус хурал Швейцарийн Лозаннь хотноо боллоо. Хурлаас мэргэжпийн боксын тамирчдыг “Рио-2016” олимпын наадамд оролцох асуудлыг хэлэлцэн дэмжсэн шийдвэр гаргажээ. Тус хуралд ОУСБХ-ны 88 гишүүн орноос 84 улс эл шийдвэрийг гаргахад санал нэгтэй дэмжсэн нь боксын спортын түүхэн дэх чухал шийдэл болж байна. ОУСБХ-ны 2013 онд гаргасан шийдвэрт “Мэргэжлийн боксын рингэнд 15-аас доош тоглолт хийсэн, богино хугацааны гэрээтэй тамирчин олимпод оролцож болно" гэж хязгаарласан заалт байсан юм. Харин шинэ дүрмийн өөрчлөлтөөр ямар ч мэргэжлийн тамирчин нас, туршлага хамаарахгүйгээр олимпод оролцох эрхтэй болж байгаа юм.
Ингэснээр Монголын тамирчдаас Лондоны олимпын наадмын мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогтод Риогийн олимпод өрсөлдөх боломж нээгдэж байгаа гэсэн үг юм.
“Н.Төгсцогт олимпод оролцох уу” гэсэн асуултад Монголын боксын холбоо одоогоор хариу өгөх боломжгүй гэлээ. Боксчдын хувьд одоо олимпын эрх авах нэг боломж буюу сүүлийн тэмцээн үлдээд байгаа. Венесуэлийн Варгас хотноо ирэх сарын 3-8-нд болох тэмцээнээс олимпын 26 эрх олгохоор зарласан. Энэ тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнд Н.Төгсцогт хэрэв багтаж эрхийн төлөө өрсөлдвөл 56 кг-ын жинд тулалдах магадлалтай.
Гэхдээ Н.Төгсцогтын хувьд долдугаар сард мэргэжпийн боксын рингэнд дараагийн тулаанаа хийхээр төлөвлөсөн байгаа тул олимпод оролцох эсэхэд өөрийнх нь байр суурь тодорхойгүй байна.
Б.Номуун