Дэлхий нийт улам л прагматик болж байна. Амьдралд ойр, хүн рүүгээ чиглэсэн бодлого хэрэгжиж, үйл ажиллагаанууд амжилттай өрнөж байна. Үүний тодхон жишээ улс орныг удирдагч дарга нарын айлчлалыг харж байхад мэдэгдэж байна.

Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Вьетнам улсад айлчиллаа. Энэ үеэр 15 орчим тэрбум ам.долларын наймаа хийчихээд сэтгэл хангалуун алхаж байгаа харагдсан. Вьетнамын тал Америкаас тийм хэмжээний үнэтэй “Бойнг” онгоцнууд захиалжээ. Энэ наймааны дараа хэтрүүлж хэлбэл Обама гуяа алгадаад гүйгээ биз ээ.

Мөн л хэдхэн хоногийн өмнө Орос-AСЕАН-ы дээд хэмжээний уулзалт боллоо. Зүүн өмнөд Азийн улс орнуудын эвслийн гишүүн орнууд ба Оросын төр, засгийн тэргүүнүүд уг уулзалтад оролцож тэрбум, тэрбумын доллараар үнэлэгдэх төслүүд эхлүүлэхээр гарын үсэг зурсан талаар мэдээлж байна. Ерөнхийлөгч В.Путин энэ үеэр Азийн орнуудад зэвсэг нэмж худалдах гэрээ хийчихээд ширээнийхээ ард ханхалзаж сууна. Ер нь Энэтхэг, Хятад, Вьетнам бол Оросоос зэвсэг авдаг эртний түншүүд юм. Үүн дээр нэмэгдээд Индонези, Малайз, Тайланд улсууд зэвсэг авахаар захиалжээ. Хэдэн зуун тэрбум ам.доллараар тоологдох зэвсгийн наймаа Оросын эдийн засагт эерэг урсгал нэмнэ.

Нэг том уулзалтаар зэвсгээ зарж, дараагийнхаар нефтийн бүтээгдэхүүнээ борлуулж гэх мэтээр олон салбараар эдийн засгийн эерэг урсгалууд орж ирэхээр улс орон өнгөжиж, ард түмний амьдрал ч сайжирна. Энэхүү дээд хэмжээний уулзалтын гол зорилго нь ОХУ АСЕАН-ы орнуудын хоорондын худалдаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, түлхэц өгөхөд чиглэгдэж байлаа. Путин санасандаа хүрч “Дээд хэмжээны уулзалт тэр чигээрээ таалагдлаа” хэмээн онцолжээ.

Хятадын дарга Си Жиньпин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулснаа зарлаж, дэлхийн эдийн засгийн өнөөгийн тогтолцоонд шинэчлэл хийхэд том хувь нэмэр оруулна гэж мэдэгдэж байна. Энэ банк нь одоогийн олон улсын санхүүгийн гол институциуд, тэр дундаа Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны хувьд томоохон өрсөлдөгч болно гэж шинжээчид үздэг юм. Хятадын удирдагч өдийд эдийн засгийн тооцоо судалгаагаа хийж “хятад сампингаа нүдээд” малилзаж суугаа биз. Хоёр жилийн өмнөх Пакистанд хийсэн айлчлалаараа Си Жиньпин Хятад-Пакистаны эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Авто зам, төмөр зам, эрчим хүчний хөгжлийн энэхүү сүлжээ нь 3000 км үргэлжлэх бөгөөд Хятадад Энэтхэгийн далай руу нэвтрэх гарцыг нээж өгөх эдийн засгийн чухал ач холбогдолтой аж.

Энэ мэт дэлхийн томчууд улс орон, ард түмнийхээ төлөө бизнес хийж, наймаа ярьж яваад ирэх юм. Тэр болгон нь бүтэмжтэй байна ч гэж юүхэв. Харин манайд яг үүний эсрэг ажиллагаа болох юм. Та мэдээллийн хэрэгслээр юуны тухай мэдээлж байгааг хараарай. “Тэр гадаадын хөрөнгө оруулалттай уурхайг хаалаа. Энэ алтны лицензийг цуцаллаа. Таван толгойн үйл ажиллагааг зогсоолоо ... гоё гоё...” гээд л дэвхцэж байна. Манайх олон даргатай. Дарга нарыгаа гадаадад айлчлахаар “Тийм уурхайгаа өгөөд тэр улстай визгүй зорчихоор боллоо. Энэ улсад ийм боломж олгоод Таван толгойгоо хамтарч ажиллуулахаар боллоо. Хиамаа энэ оронд зарж, үхэр хонины махаа тэнд тэдэн тэрбумаар зарахаар тохирлоо” гэх болов уу хэмээн хүлээж суудаг. Гэтэл үгүй юм аа. Хоосон улс төр ярьж яваад ирэх юм. “Тэр бүс нутагт тэгнэ, энэ бүс нутагт ингэнэ” гэж яриад байгаа харагдах юм.

Үнэндээ гуравхан сая хүн амтай буурай орон дэлхийн улс төр ярина ч гэж юу байхав. Маньдаа л тааруулсан үлгэр юм уу даа. Бид бас чиг юу ч үгүй ядуу хоосон орон биш юмсан. Уран, зэс нүүрсээ зараад, мах экспортлох том наймаа хийгээд ирж баймаар санагдах юм. Тэгэхэд

Нутгаа санаад байгаа юм, хөөрхий

Зайдас үнэгүй гаргах боллоо

Нутгаасаа гаргаад хулгай хийгээд байгаа юм, хөөрхий

Ялтан солилцох боллоо гээд л ирж байна даа. Ядаж ялтан солилцохоо болимоор юм. Ял хийсэн хүмүүс тэр орныхоо хоолыг идээд л хэвтэж байна биз. Гадаад зах зээлд хэдэн тэрбум ам.доллараар наймаа арилжаа хийгээд, ард иргэд нь ажил орлоготой болоод ирвэл гадагшаа гарч хулгай хийхийг хэн л хүсэв гэж. Гэрээ санаад байна, идэх зайдсаа үнэгүй оруулна гэдгээ болино биз дээ.

Манайхан нэг л их бүс нутгийн бодлого, улс төр энэ тэр гээд ярихаа больж ядаж Баруун Цанхийн нүүрсээ Малайз, Солонгост зарах наймаа хийвэл зүгээр санагдах юм. “Уранаа Францад зарахаар болов, хятадууд нүүрс авахаар гэрээллээ” гэх зэргээр арилжаа наймааны хэлэлцээр амжилттай хийгээд ирвэл цагаан эсгий дэвсэж угтана аа, дарга нарыгаа. Хэдхээн монголчуудаа Монголдоо тэжээж чадахгүй бол Туркийн Эрдагон шиг визний асуудлаар шахалт хийгээд явмаар санагдах юм, дарга нар минь.

Орчин цагт дэлхий нийт их л прагматик болж байна даа. Дэлхийн улс орнуудын дарга нар том, жижиг гэлтүй энд тэнд айлчлахдаа улс орондоо хэрэгтэй арилжаа наймаа үсэргэж явна. Айлчлалын зорилго, үр дүн ч ийм болсон. Манайхан ч гэсэн үүнийг хэрэгжүүл л дээ. Улс орны өнгө төрхийг нэмж, эдийн засгаа өөд нь татах, ард түмний амьдралд нэмэр болох ашигтай, хэрэгтэй наймааг бага гэлтгүй л хиймээр байна. Ингэж байж л та нараар дарга тавьсны гавьяа гарах гээд байна.