Унгар улсын нийслэл Будапешт хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ өчигдөр орой дууслаа. Энэ удаагийн ДАШТ Монголын чөлөөт бөхийн тамирчдад тун ээлтэй байлаа. Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 67, 72 кг-ын жингийн барилдаан болж, ОУХМ, Гавьяат тамирчин О.Насанбурмаа, О.Бурмаа нар хүрэл медаль хүртэн шигшээ багийнхаа медалийн тоог нэмсэн юм.  

Ингэснээр гавьяат тамирчин О.Насанбурмаа Дэлхийн аваргаас гурав дахь хүрэл медалиа хүртэж, ДАШТ-ий 3 медальтай чөлөөт бөхийн анхны эмэгтэй тамирчин болсон бол О.Бурмаа Дэлхийн аваргын медалиа ихэрлүүллээ. Монголын эмэгтэй шигшээ багийн тамирчид энэ удаагийн ДАШТ-ий долоон жингийн тавд нь медаль /2 мөнгө, 3 хүрэл/ хүртсэн амжилтаар багийн дүнгээр 2-р байрт шалгарлаа.

 Харин эрэгтэй багийн хувьд нэг хүрэл медаль хүртсэн амжилт, шагналт байрын оноогоороо багийн дүнгээр 8-р байр эзэлж, сүүлийн 20 жилд үзүүлээгүй амжилт гаргаад байна. Чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид өчигдөр эх орондоо ирсэн бол эмэгтэй тамирчид маргааш ирэх юм.