151216-4

Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар 2015 оны 12 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд БНХАУ-ын Жэнжоу хотноо зохион байгуулагдсан ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн ээлжит 14 дүгээр хуралдааны өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын төлөөлөгчдийг тэргүүлж оролцов.

Хуралдаанд ШХАБ-ын гишүүн орнууд – БНХАУ, ОХУ, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан, ажиглагч орнууд – Афганистан, Беларусь, Энэтхэг, Иран, Пакистан болон олон улсын зарим байгууллагын төлөөлөгчид оролцов.

Хуралдаанд оролцогчид олон улс болон бүс нутгийн эдийн засгийн өнөөгийн байдал, ШХАБ-ын хүрээний эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагааны байдал, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн асуудлуудыг хэлэлцэв.

Монгол Улс Азийн бүс нутагт өрнөж буй эдийн засгийн хамтын үйл явцад идэвхтэй оролцохыг эрмэлзэж, ШХАБ-ыг бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд оролцох нэг чухал суваг хэмээн үзэж, ШХАБ-ын эдийн засгийн хамтын ажиллагаа, түүний дотор дэд бүтцийн салбарыг хамруулсан томоохон төслүүдэд Монгол Улс оролцох сонирхолтой байдгийг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ илэрхийлэв.

Төлөөлөгчид хэлсэн үгэндээ дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал үргэлжилж байгааг тэмдэглэж, цаашид нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, эдийн засгийн салбарт тэргүүний технологи нэвтрүүлэх, бүс нутгийн тээврийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах шаардлага байгааг тэмдэглэж байв.