Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөр боловсруулах гурван талт ажлын хэсгийн ээлжит уулзалт 2016 оны 5 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Бээжин хотноо болов. Энэхүү ажлын хэсгийн уулзалтыг монголын талаас Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Ё.Манлайбаяр, Оросын талаас Эдийн засгийн хөгжлийн яамны Ази, Африк, Латин Амеркийн газрын дарга Попов Евгений Николаевич, Хятадын талаас Хөгжил, шинэчлэлийн хорооны Баруун бүсийн хөгжлийн газрын дарга Тянь Цзиньчэнь нар ахлав.

Энэ удаагийн гурван талт уулзалтаар Хятад, Монгол, Оросын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн төслийг талууд тохиролцон үзэглэж, удахгүй болох Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтаар эцэслэн байгуулах болов.