Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 5 дугаар сарын 30-31-нд Япон Улсад ажлын айлчлал хийв. Айлчлалын үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Ерөнхий сайд Ш.Абэ-д бараалхаж, Японы Гадаад хэргийн сайд Ф.Кишида-тай хэлэлцээ хийж, “Никкэй” сонины газраас жил болгон зохион байгуулдаг “Азийн Ирээдүй” форумд оролцож, Монгол Улсын гадаад бодлого, Зүүн хойд Азид хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулж, илтгэл тавив.

Өнгөрсөн онд босон энэхүү форумын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч “Азийн форум” зохион байгуулах санаачилгыг дэвшүүлсэн бөгөөд энэ удаагийн уулзалтаар тус санаачилгыг хэрэгжүүлэх чиглэлээр монголын талаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны талаар тайлагнаж, бүс нутгийн орнуудын цаашдын хамтын ажиллагааны чиглэл, зорилтуудын талаар танилцуулав.

Уулзалт, ярианы үеэр Монгол, Японы стратегийн түншлэлийг олон улс, бүс нутгийн талбарт гүнзгийрүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, ирэх онд болох 45 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, ирэх 6 дугаар сарын 7-ноос хүчин төгөлдөр болох Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд японы талтай нягт хамтран ажиллах, мөн бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.