Монгол Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай байсан. Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 97.1 хувь нь дэмжин УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилсон билээ. Үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 29 дэх Ерөнхий сайдаар өчигдөр томилогдсон Ж.Эрдэнэбатад Засгийн газрын тамгыг шилжүүлэн өглөө.

Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдсон Ж.Эрдэнэбатад Засгийн газрын тэргүүнээр томилогдсонд нь баяр хүргээд Засгийн газрын санаачлан эхлүүлсэн ажлуудын талаар танилцууллаа. Мөн эдийн засгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өгч, АСЕМ-ын уулзалт, зуны олимп, өвөлжилтийн бэлтгэл ажил зэрэг ойрын үед анхаарах шаардлагатай хэд хэдэн асуудал байгааг онцлоод ажлын өндөр амжилт хүслээ.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Ж.Эрдэнэбатыг гэр өргөөндөө хүлээн авч уулзан Засгийн газрыг удирдах нэр хүндтэй, өндөр хариуцлагатай ажилд нь амжилт хүслээ