Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга эрхэмсэг ноён  Кан Чан Хий манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Ноён Кан Чан Хийг өчигдөр орой  “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд газардахад УИХ-ын гишүүн, Монгол-Солонгосын парламентын бүлгийн дарга М.Батчимэг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон бусад албаны хүмүүс угтлаа.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд  өнөөдөр 10 цагаас ноён Кан Чан Хийг  Чингис хааны талбайд угтан авч, Их эзэн хааны хөшөөнд хамтдаа хүндэтгэл үзүүлнэ. Түүнчлэн хүндэт зочин Төрийн ордны Баганат танхимд хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурах ёслолын дараа хоёр орны парламентын тэргүүн нар албан ёсны уулзалт хийх юм. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүндэт зочинд бараалхах юм байна.

А.Баярмаа