УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын намрын чуулганы хуралдаан нээсэнтэй холбогдуулан, өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар үндсэн хоёр асуудлыг хэлэлцсэн байна.

Хуралдааны эхэнд энэ долоо хоногт байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн зарчмын зөрүүтэй саналуудад Ардчилсан намын бүлэг ямар  байр суурь илэрхийлэх  тухай хэлэлцэж шийдвэрлэлээ. Тухайлбал,  Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэж байсан ч  тус хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэг  зарим зүйлийг нягталж үзэх шаардлагатай  гэсэн учраас намрын чуулганы хэлэлцэх асуудлын эхэнд тус хуулийг хэлэлцэхээр болсон. Тус хуулийн төсөлтэй холбоотой  зарчмын зөрүүтэй хэд хэдэн саналуудад  Ардчилсан намын бүлэг байр сууриа нэгтгэхийн зэрэгцээ УИХ дахь бусад нам эвслийн бүлгүүдтэй нэгдмэл ойлголцолд хүрэх нь зүйтэй  гэж үзлээ. Тухайлбал мега төслүүдийг Хөрөнгө оруулалтын тухай хуулиар Засгийн газрын гэрээний үндсэн дээр зохицуулахтай холбоотойгоор хөндлөнгийн санал орж ирснийг хэлэлцсэн.  Уг хуулийн төсөлд “500 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийж буй аж ахуйн нэгж өөрөө хүссэн  тохиолдолд Засгийн газартай гэрээ байгуулж болно” гэсэн заалтыг дэмжиж оруулах нь зүйтэй гэж гишүүд  үзэв. Үүнээс гадна хөрөнгө  оруулалтын үйл ажиллагаанд “шалгалт” оруулах тухай заалтыг “хяналт” болгох нь зөв  гэж гишүүдийн олонх нь дэмжлээ.

Хоёрдугаарт,  2024 он хүртэл  Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар хэлэлцсэн юм. Хэлэлцэх эсэхийг нь чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжиж,  нэлээд хэдэн сар өнгөрсөн байсан баримт бичгийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхэд ямар  асуудлуудыг анхаарч ажиллах талаар ажлын хэсэг болон Уул уурхайн сайдын мэдээллийг сонслоо. 

2024 он хүртэл  баримтлах бодлого учраас нухацтай хэлэлцэж нэн түрүүнд ҮАБЗ-ийн хурлаар оруулж санал авах нь зүйтэй гэж үзэв.  Үүнээс гадна бодлогын баримт бичигт УИХ дахь бүх нам, эвслийн бүлгүүд болон бие даагчдын  байр суурийг аль болох тусгах   нь чухал гэж гишүүд  санал нэгдсэн юм. Тухайлбал, Байгаль Орчны Яам, Уул Уурхайн Яам, Мэргэжлийн хяналтын газруудын хоорондын уялдаа  холбоо ямар байдлаар уялдаж, байгаль орчин, орон нутгийн хөгжилд хэрхэн нөлөөлж болох вэ гэдэг асуудлыг эрдэс баялгийн бодлогод тодорхой тусгах  шаардлагатай гэсэн нэгдмэл байр суурийг гишүүд илэрхийлж байлаа.

Түүнчлэн  Стратегийн орд гэдэг асуудлыг цаашид тус бодлогод тусгах эсэх тухай зарчмын саналуудыг УИХ дахь нам эвслийн бүлэг болон мэргэжлийн байгууллагуудтай  ойлголцох нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзсэн юм. Мөн стратегийн ордоос гадна стратегийн ашигт малтмалын тухай ойлголтыг Төрөөс баримтлах эрдэс баялгийн бодлогодоо суулгах нь зүйтэй гэсэн хөндлөнгийн саналыг ч мөн авч үзэж хэлэлцэх  шаардлагатай хэмээн бүлэг үзэв. Учир нь  яг одоо хүлээлт үүсгээд байгаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиа цаашид Төрөөс баримтлах эрдэс баялгийн  талаар баримтлах бодлогодоо нийцүүлэн гаргах нь зүйтэй хэмээн  Ардчилсан намын бүлэг байр сууриа нэгтгэлээ.