Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай болон Хүний хөгжил сан, Нийгмийн даатгалын сангийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьлаа.

Төсвийн тухай хуулийн төслөөр Монгол Улсын 2014 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарлагын хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх орлого, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, төсвийн ерөнхийлөн захирагчид төсөв зарцуулах эрх олгох, төсвийн тогтворжуулалтын санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн хөрөнгийн цэвэр өөрчлөлттэй холбогдсон харилцааг зохицуулахаар тусгажээ. Мөн Төсвийн тухай хуульд заасан төсвийн үндсэн зарчмуудыг баримталж  нийгмийн эмзэг бүлгийг хэт ядуурлаас хамгаалах тогтолцоог бүрдүүлэх, цалин хөлс, төсвийн хөрөнгийг оновчтой, зүй зохистой хувиарлах замаар ажилгүйдэл ядуурлыг бууруулах, хүн амын нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгмийн баталгааны асуудлыг салбар бүрт өөрөөр тогтоож, тухайн нэг салбарыг онцгойлон нэмэгдүүлдэг явдлыг зогсоож нийтлэг нэг байлгах, тавтарын хөнгөлөлт, чөлөөлөлтийг багасгаж татварын бодлогоор дамжуулан орлогын тэгш хувиарлалтыг хангах, Хүүхдийн мөнгө олгогдож эхэлсэнтэй уялдуулан зарим төрлийн халамжийн шинжтэй арга хэмжээний давхардлыг арилгах, хөрөнгийг оновчтой зарцуулах зорилгоор зарим хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтыг бууруулахаар тусгажээ.

   Харин Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хууль батлагдсанаар Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн дагуу төр хариуцах иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөрийг Хүний хөгжил сангаас санхүүжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 0-18 хүртэлх насны хүүхдэд бэлэн мөнгө хэлбэрээр хишиг, хувь хүртээх арга хэмжээг хэрэгжүүлж, иргэдийн амьжиргааг дэмжих нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.

   Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хууль батлагдсанаар 2014 оны төсвийн жилд Засгийн газраас чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай эх үүсвэр бий болж, Нийгмийн даатгалын сангийн төсөвт ирэх онд мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хуваарилж, зарцуулах эрх зүйн орчин бүрдэнэ хэмээн Засгийн газар үзжээ.

А.Баярмаа