Хайр гэж юу вэ? гэдэг асуултад бид өөрт мэдрэгдсэн мэдрэмж, бодол сэтгэлдээ үндэслэн өөр өөрийнхөөрөө хариулдаг. Тэгвэл хайр дурлалыг сэтгэл зүйн шинжлэх ухаанд юу гэж тодорхойлдог юм бол.

 

Хайрын сэтгэл зүй: Хайр гэж юу вэ?

“Хайрын сэтгэл зүй” сэдэв 3 цуврал нийтлэлээр үргэлжлэх болно. Эхний хэсэгт буюу энэ удаад бид хэрхэн дурладаг, хүнд татагдахад ямар хүчин зүйлс нөлөөлдөг болон хайр гэж чухам юу болох талаар мөн хайрын эрүүл бус хэлбэрүүд буюу тухайн харилцаанд үлдэж болохгүй шинж тэмдэгүүдийг дурьдах болно. Дараагийн удаад салах үйл явц сэтгэл зүйд ямар байдлаар илэрдэг, хайраа удаан хугацаанд хадгалсан хосууд ямар зарчмыг баримталсан талаар хуваалцах юм. Тэгэхээр...

Хайр гэж юү вэ?
Эцэг эхээ хайрлах, найз нөхдийн, ах дүүгийн гэх мэт олон төрлийн хайр байдгаас бид энд зөвхөн хосын хайрын талаар дэлгэрүүлэн авч үзье. Доктор Стернбергийн гаргасан хайрын тодорхойлолт ёсоор бол хайр дараах харилцааны хэлбэрүүдээр илэрнэ.
1. Биеэр холбогдсон буюу янаглал
2. Романтик хайр буюу биеэр холбогдох+ хүсэл тэмүүлэл
3. Нөхөрлөл маягийн буюу биеэр холбогдох+бие биенийхээ өмнө үүрэг хүлээх
4. Хүсэл тачаал дангаар ба хүсэл тачаал+бие биенийхээ өмнө үүрэг хүлээх
5. Хүсэл тэмүүлэл байхгүй зөвхөн бие биенийхээ өмнө үүрэг хүлээх гэх мэт байхаас гадна хамгийн зөв хайр буюу бие, сэтгэлээрээ холбогдсон, бие биедээ тэмүүлж татагдсан мөн бие биенийхээ өмнө үүрэг хүлээсэн харилцаа гэж байдаг.

Cкот Пекийн онолоор бол хайр гэдэг нь өөрийнхөө хүсэл зоригоос илүүтэй хосынхоо оюун санааны сайн сайхан байдлын төлөө амьдрах хүсэл эрмэлзэлтэй байхыг хэлнэ. Ийм нөхцөлд хайрлаж буй хүн хувь хүнийхээ хувьд өсөж сайжрах, амьдралдаа зорилго тэмүүлэлтэй болох, өөрөөсөө гарамгүй их хүчин чармайлт гаргах, хайраа хариу нэхэлгүй зориулах гэх мэт маш олон давуу талтай болдог. Өөрөөр хэлбэл хайр дурлалын зөв харилцаанд байгаа бол тэр хайр чинь та хоёрын хэн хэнийг нь хүний мөс чанарын хувьд сайжруулж байдаг. Хэрэв тэгэж чадахгүй байгаа бол хайр биш ч байж болох юм. Хайрлана гэдэг нь:

- Нөгөө хүнээ танин мэдэх
- Халамж анхаарал тавих
- Хосынхоо өмнө үүрэг хүлээх
- Ямар ч үед хүндлэх
- Төгс бус байдлыг хүлээн зөвшөөрөх буюу сул талыг нь байгаагаар нь хүлээж авах
- Хэн хэнийхээ өсөлт дэвшлийн төлөө сэтгэл гаргах, төлөвлөгөөндөө нийцүүлэх юм.

 

Ямар шалтгаанаар хүмүүс бие биедээ татагддаг вэ?
Өөртэйгөө ижилхэн хүнд илүү татагддаг уу эсвэл эсрэг тэсрэг хүнд илүүтэй татагддаг уу?
Хэрэв чи дээр дурьдсаныг анхааралтай уншсан бол хариултыг нь аль хэдийн мэдчихсэн байгаа байх. Учир нь чиний найзууд чинь чамаас тэс өөр хүмүүс байдаггүй биз дээ? Тийм найз байлаа ч удаан оршин тогтнодоггүй. Үүнтэй адил хос хоёр эрс тэс ялгаатай хүмүүс бол мөн л харилцаа удаан үргэлжлэхгүй.

Хүнд татагдахад нөлөөлдөг хүчин зүйлс:
- Ойр байдал: Жишээ нь чи оюутан бол хажууд суудаг залуу чинь нэг л мэдэхэд бусдаас илүү дотно санагддаг болдог. Эсвэл хөрш айлын хүн, зэргэлдээх байрны өдөр бүр тааралддаг залуу ч байж болно. Гэхдээ ойр хавьд байдаг бүх л хүндээ татагдаж байдаг гэж хэлээгүй юм шүү. Зүгээр л та хэн нэгэнтэй ойр ойрхон тааралддаг бол түүнд татагдах магадлал өндөр байдаг гэсэн үг.
- Давтамжтай харилцаа: Хэн нэгэнтэй ойр ойрхон харилцах, ярилцах тусам тэр хүн илүү таалагдаж эхэлдэг.
- Харилцана гэсэн найдлага: 2 бүлэг хүмүүст жирийн л нэг эсрэг хүйснийх нь хүний зурагтай анкетыг өгөөд нэг хэсэгт нь та энэ хүнтэй ирэх 7 хоногт уулзана гэж хэлээд, нөгөө бүлэгт нь уулзана гэж хэлэлгүйгээр тухайн хүний тухай сайн уншиж судла гэж хэлжээ. Эцэст нь тэр хүн хэр их таалагдсан талаар хүн бүрээс асуутал уулзуулна гэсэн бүлгээс маш олон хүн тухайн хүн таалагдсан гэсэн хариу өгсөн байна.
- Тэр хүний талаарх давтамжит яриа сонсох: Энгийн нэг жишээ авахад чи шинэ дуу сонсоод тэр дороо таалагдах тохиолдол хэр их байдаг вэ? Эхэндээ тийм ч гоё санагдахгүй ч сонсоод байх тусам таалагдаж эхэлснээр дуртай болдог шүү дээ. Маш олон сонссоны дараа чи уйдах боловч бараг сонсдоггүй дуунаас илүү тухайн дуундаа дуртай хэвээр л байдаг. Тэгэхээр хэн нэгний тухай давтамжтайгаар сонсоод л байх юм бол тэр хүнийг сонирхож, татагдаж эхэлнэ.
- Чиний шалгуурт тэнцэх байдал: Хүн бүр өөрийн гэсэн шалгуурыг ирээдүйн хосоосоо хүлээж байдаг. Хүүхэдтэй болох боломжтой, санхүүгийн хувьд биеэ даасан, муу зуршилгүй гэх мэт. Энэ шалгуурууд цаг хугацааны хувьд хувирч өөрчлөгддөг. 3 хүүхэдтэй хүн гэр бүлээ цуцлуулсан байлаа гэж бодоход дахин хүүхэдтэй болохыг хүсэхгүй нь тодорхой гэх мэт. Гэхдээ түүнд тавих шалгуурын жагсаалт чинь 3-4 гол зүйлээс хэтрэхгүй байх нь зүйтэй. Хэрэв чиний жагсаалт 8 ч юмуу 12 зүйлээс бүрддэг бол уучлаарай, чи хэтэрхий шалгуур өндөртэй хүн юм. Шалгуурт чинь бүрэн нийцэх хүн олдоход хэцүү л болов уу.
- Ижил төстэй байдал: Чи шөнө оройн цагаар гэртээ амрах дуртай хүн бол орой болохоор л гараад явчихдаг шөнийн амьдралд дуртай хүнтэй удаан хамт байж тохирно гэж үү. Хобби сонирхол, үзэл бодол төстэй байх нь маш чухал хүчин зүйл. - Харилцан анхаарал хандуулах байдал: Хэрэв чи хэн нэг залуу чамд сайн гэдгийг сонсвол түүнд илүү их анхаарал хандуулж эхэлдэг. Тэр тийм ч муухай залуу биш бол тэр чиний нүдэнд тусаж, түүнтэй эелдэг харьцана, тийм биз?
- Гадаад төрх: "Үгүй ээ, би хүний царайнд биш сэтгэлийг нь л хардаг" гэх мэтээр ихэнх хүмүүс үүнийг үгүйсгэх гэх хичээдэг л дээ. Гэвч судлаачид нялх хүүхэд царайлаг хүмүүс рүү илүү удаан тогтож хардаг болохыг баталсан байна. Үүний эсрэгээр хэрэв бид заал дүүрэн хүмүүс цуглуулаад лекц хийхдээ нүүр хувиргалтын аргаар нүд хальтирам царайтай нэг хүн оруулаад суулгавал тэр хүний ойролцоо хэн ч суухыг хүсэхгүй. Үүнийг Нью-Йоркийн метронд туршин нотлож байжээ.

Хайр яагаад хэрэгтэй вэ?
- Амьд оршин байхын тулд буюу амьдралд бэрхшээл тохиолдоход давж гарах, орой бүр гэр лүүгээ яарах учир шалтгаантай байхын тулд;
- Үр удмаа үлдээхийн тулд;
- Нийгэмших, хүний ёсноос гажихгүй байх, хосоор амьдрах, орой бүр хамтдаа хоолоо идэх хүнтэй байх, сэтгэлээ нээж ярих, хэзээд дэргэд чинь байх хүнтэй байхын тулд;
- Чиний хамгийн сайн болон муу талуудыг мэддэг, чамайг үнэхээр хэрэгтэй хүн гэдгийг мэдрүүлдэг, байгаагаар чинь хүлээж авч хайрладаг, чамайг бүрэн хүлээн зөвшөөрсөн найзтай байхын тулд буюу өөрөөр хэлбэл хайртай хүмүүс хоорондоо дотны найзууд шиг нөхөрлөж чаддаг байхын тулд хайр хүн бүрт хэрэгтэй.

 

Эх сурвалж: www.Goolingoo.mn