Улаанбаатар бол сая давсан хүн амтай их хот. Их хотын зовлон мундахгүй юм. Өвөлдөө утаанд багтарчих гээд, зундаа үерийн усанд живчих гээд байх бололтой. Өнгөрсөн пүрэв гаригт л гэхэд хотын төвд 20 минут орчим бороо ороход яалаа даа.

Хувингаар цутгаж буй мэт аадар бороо мөндөртэй холилдон орсны дараа сэлээд харих нь л холгүй юм боллоо. Ялангуяа “Чингис хаан” зочид буудлын ойролцоо гамшгийн хэмжээнд очсон гээд хэлчихэд нэг их буруудахгүй л байх. Цахилгаан хөдөлгүүртэй гурван ч машин асахаа болиод түрүүлж байсан. Зарим нэг хүний яриаг сонсвол приус машин хөвсөн гэх юм билээ. Ямартай ч явган хүн битгий хэл машинтай хүмүүс хүртэл яахаа мэдэхээ байсан. Хүн бүр л манай хот ус дамжуулах хоолойгүй гэж ирээд л ярина лээ. Гэтэл үнэхээр ус зайлуулах хоолойгүйгээс болоод үерт автаад байна уу гэхээр бас ч тийм биш юм аа. Ус дамжуулах хоолой ихтэй дэлхийн орчин үеийн хотуудад үер болж л байдаг. Авто болон явган хүний зам дагуу хичнээн мянган ус зайлуулах хоолой байлаа гээд байгалийг хүчрэхгүй гэдгийг олон зүйлээр жишээлж болохоор байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Английн Эйплби, Карлайл хотууд үерт автан хичнээн мянган айл орон гэргүй болж байлаа. Үерийн улмаас сургууль, цэцэрлэгийг түр хугацаанд хаахаас өөр аргагүй байдалд хүрч байв. Учир нь өч төчнөөн албан байгууллагын барилга нуран унаж сүйдээд байсан юм. Эдгээр хотуудад ус зайлуулах хоолой байсан уу гэвэл байсан. Хамгийн гол нь нэгэнт ширүүлсэн байгалийн аашийг хэн ч зогсоож дийлэхгүй. Тиймээс монголчууд бид байгалийн гэнэтийн үзэгдлийн өмнө бэлэн байж сурмаар байна. Бидний сэтгэхүйд нэг зүйл байдаг нь үер боллоо гэхэд байгалийн үзэгдэл гэж хүлээж авахаас илүүтэй хотын захиргаа, эсхүл автозамынхныг буруутгаад байдаг. Гэтэл дан ганц ус зайлуулах хоолойноос болж Улаанбаатар хот үе үе үерт автаад байгаа юм биш. Тиймээс байгалийн ямарваа нэгэн аюулт үзэгдэл болоход иргэн бүр тодорхой хэмжээний үүрэг хүлээж сурмаар байна. Ядаж л өөдөөс үерлэн ирж буй их усны өмнөөс нэгийгээ түлхмээргүй байгаа юм. Өнгөрөгч долоо хоногт “Чингис хаан” зочид буудлын орчимд хөвсөн гээд байгаа машины эзэн “Өөдөөс их ус ирж байсан. Гэвч араас машинууд дуут дохиогоо хангинуулаад байсан учраас урагшлахаас өөр арга байгаагүй” гэсэн байна лээ. Ингэж мэдсээр байж нэгийгээ хүнд байдалд оруулмааргүй байна. Ус цахилгаан хөдөлгүүртэй машины хамар давбал асахаа больдог гэдгийг ихэнх жолооч мэдэж байгаа. Тэгсэн мөртлөө зогсоо чөлөөгүй дуут дохиогоо хангинуулаад байдаг нь бидний адгуу зантай холбоотой биз. Бас тэр үеэр хамраа татсан их усан дундуур хүч мэдэн зүтгэж буй автобусны бичлэг цахим ертөнцөөр тарсан. Ус бараг л автобусны тэг дундуур татаж байсан даа. Хүн бүр тэр бичлэгийг үзээд “Хөөх ийм аймаар үер болсон юм уу” гэцгээсэн. Гэтэл нийтийн тээвэрт үйлчилж буй автобус тийм эрсдэлтэй үйлдэл хийх нь зөв байсан уу. Зорчигч тээвэрлэн хэдэн арван хүний амь насыг хариуцаж яваа мөртлөө сахилгагүй жаал шиг саваагүй үйлдэл хийсэн нь тохиромжгүй байлаа. Хэрэв ямар нэгэн байдлаар цахилгааны масс үүссэн бол яах вэ. Тэгэхээр иймэрхүү байдалд бид өөрсдийгөө бэлдэх хэрэгтэй байна. Онцгой байдлын албанаас иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг бэлдэж түгээх хэрэгтэй. Замын хөдөлгөөнд оролцож байтал гэнэт үер болж их ус түрж ороод ирвэл жолооч нар ямар хэмжээ авах ёстой, явган яваа иргэд хэрхэх ёстой гэх мэтээр иргэддээ зөвлөмөөр байна. Ер нь бид усанд тийм ч сайн ард түмэн биш. Тиймээс зуны хэдэн сард гол, усны үерт үй олноороо живж үхэж байна. Ганцхан жишээ дурдахад өнгөрсөн амралтын өдөр зургаан хүн усанд живж амь насаа алджээ. Тэдний ихэнх нь хүүхэд. Гурав, дөрөв, таван настай гурван ч хүүхэд усанд осолджээ. Уг нь ийм насны хүүхэд эцэг эх, асран хамгаалагчийнхаа хараа хяналтад байх учиртай. Эцэг эхчүүд гурав, дөрөвхөн настай хүүхдийнхээ хаана, юу хийж явааг алхам тутамдаа мэдэж байх ёстой. Гэтэл бага насны хүүхэд усанд эндэх нь жилээс жилд нэмэгдээд байх юм. Ингэж олноороо усанд живж буйн шалтгаан ерөөсөө л эцэг эхийн хүүхдэдээ тавих анхааралтай шууд холбоотой. Бага насны хүүхдүүд живж үхээд байгаа нь хоёр гол шалтгаантай. Зуны халуун өдөр эцэг эх нь халууцаж байна хэмээн хүүхдээ гол руу дагуулаад явдаг. Эрэг дээр очсон хойноо хүүхдүүдээ тоглож байгаарай гэчихээд өөрсдөө бөөгнөрч суугаад хөзөрдөж архидан согтуурна. Энэ хойгуур эрэг дагуу хөөр баяр болон тоглож байсан хүүхэд ус руу унах жишээтэй. Эсхүл гадаа тоглож байгаад “Гол оръё” гэх бусдынхаа уриалгыг дагаж яваад усанд эндээд байна. Живсэн ихэнх хүүхдийн эцэг эх хүүхдээ алдсан тухайгаа ингэж ярьдаг. Тиймээс бүгчим халуун үргэлжилж буй эдгээр өдрүүдэд буюу ганцхан сарын хугацаанд үр хүүхдээ голын усанд үйчихгүйхэн шиг анхааралтай байгаач гэж аав ээжүүдэд уриалъя. Тэгэхгүй бол өглөө бүрийг тэдэн хүүхэд усанд живжээ гэх муу мэдээтэй угтах боллоо. Харин насанд хүрсэн хүмүүсийн усанд энддэг гол шалтгаан нь архи. Халамцуу үедээ ус руу гүйж ороод хорвоогоос буцаад байгаа. Тиймээс хэчнээн халуунд яаж ч бүгчимдсэн гэлээ голын ус руу гүйж орох хэрэггүй. Ялангуяа энэ жил хур бороо элбэгтэй байгаа учраас аль ч гол ус ихтэй байгаа гэсэн мэдээлэл байна. Тиймээс сэрүүцэхийн тулд голын эрэг бараадаж байгаа хүн бүр сонор сэрэмжтэй байх тун чухал. Тэгэхгүй бол сэрүүцэж зугаацахаар яваад алтан амиа алдсан иргэдийн тоо хэдэн зууд хүрэх нь ээ.

Мөн иргэдийг амь насаа алдахаас урьдчилан сэргийлэхийн тулд төрийн байгууллагууд хамтарч ажилламаар байгаа юм. Зуны аагим халуун өдрүүд эхлэх үеэс Онцгой байдлын аврагч нар өдөр шөнөгүй шахам эргүүл хийн анхааруулга өгч байгаа. Тэрэлжээс эхлээд Туул гол дагуу иргэдийн амарч суудаг ихэнх газраар завьтай, явган янз бүрээр л явж сэрэмжлүүлэг өгдөг. Гэсэн ч мянга, мянгаараа голын эрэг бараадах иргэн бүрт очиж заавар зөвлөгөө, сэрэмжлүүлэг хүргэж чадахгүй нь ойлгомжтой. Тиймээс энэхүү ажилд замын цагдаагийнхныг давхар дайчилмаар санагдана. Иргэдийн явдаг гол хэдэн зам дээр гол, усны нөхцөл байдлын талаар ерөнхий мэдээлэлтэй цагдаа жолооч нарт анхааруулга хүргэж болно. Машин бүрийг зогсоон ярилцаад байх амар биш ч сэрэмжлүүлэх хуудас тараагаад байж чадна шүү дээ. Тухайн тараах хуудсан дээрээ согтуудаа гол руу орж болохгүйг сайтар анхааруулахын дээр хэрэв усанд живбэл хэрхэх тухай тодорхой бичмээр байна. Хөл алдсан бол өөрийгөө хэрхэн удирдах, ямар арга чарга байдаг тухай мэдээлэл хүмүүст тэр бүр байдаггүй. Бас живж буй хүнийг хэрхэн аврах, уснаас татаад гаргаад ирлээ гэхэд анхан шатны ямар тусламж үзүүлэх гэхчлэн амьдралд хэрэгтэй олон зөвлөгөөг мэдэхгүй хүн олон. Түүнчлэн голын ус бараадан сэрүүцэх гэж байгаа бол эргээс хэдэн метрийн зайтай суувал аюулгүй байх зөвлөмжүүд хэрэгтэй. Зарим хүн ус руу л орохгүй бол живэхгүй гээд эрэг рүү хөлөө унжуулаад суух нь бий. Гэтэл голын ус ихтэй, үертэй байгаа жилд эргийн хөрс тун сийрэг болчихсон байдаг. Зүгээр сууж байгаад босох үед эрэг нураад ширүүн урсгал руу аваад явчих нь ч бий. Тэгэхээр энэ бүхнээс сэргийлсэн зөвлөмжүүдийг иргэдэд яаралтай тараамаар байна. Одоо голын эрэг бараадан суухад сар гаруйхан хугацаа үлдэж. Энэ хугацаанд иргэдийнхээ амь насыг авран хамгаалахын төлөө Онцгой байдлын ерөнхий газар гэлтгүй төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран урьдчилан сэргийлэх арга хэмжээ авъя. Тэгэхгүй бол цөөхөн иргэдээ өвөл угаартуулж, зун живүүлсээр дуусгах нь байна шүү.