Би эхнэртэй, хүүхэдтэй. Энгийн сайхан л амьдарч байлаа. Гэтэл саяхан хэтэрхий ихээр хайрлаж, сэтгэл дотроо бодож явдаг бүсгүйтэйгээ тааралдлаа.

Фейсбүүкээр энгийн л асуулт хариул болж, хаана хэрхэн ажиллаж, амьдарч байгаа тухай, нөхөр хүүхэдтэй болсон уу гээд л бичиж байгаад нэг л мэдсэн хуучны сайхан үе рүүгээ очиж өөрийн эрхгүй сэтгэл догдолж эхэлсэн юм. Бид дунд сургуульдаа үерхэдэг байсан юм л даа. Тэгээд нэг учир битүүлэг шалтгаанаас болж салаад сураг тасраад зургаан жилийн дараа гэнэт уулзсан нь энэ юм. Тэр минь гадаадад сурдаг. Тэгээд амралтаараа гэртээ ирчихээд буцах гэж байсан үед нь бид тааралдаж л дээ.

Элдэв секс, буруу бодолгүйгээр зүгээр л түүнтэй уулзах хүсэл маш ихээр төрсөн учраас “Зайсан толгой”, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” гээд шөнө очиж болох бүхий л газраар явж, ярилцаж, сэтгэлийн гүнд нуугдаж байдаг хайраа сэргээв. Үнэхээр сайхан байсан. Гэхдээ энэ үед надад эхнэрээ хуурч байгаа ч юм шиг. Энэ явдал цааш үргэлжилж би түүнээсээ салж чадахгүй болвол яах вэ гэхчлэнгийн айдсууд их байсан. Тиймээс ч хэдий сэтгэл дотроо нээж ярилцаж байгаа ч нэг л дутуу байгаад байсан юм. Тэр минь одоо нэг хүүтэй. Нөхрөөсөө хүүгээ төрөхөөс өмнө салсан. Хүү нь аав, ээж дээр нь байдаг. Энэ бүх хугацаанд намайг бас хайрласаар, сайхан дурсамжуудаа бодож, сэтгэлээ дэвтээсээр явсан гэдгийг хангалттай ярьж ойлгуулсан юм. Мөн “би гэр бүл салгаж муу хүн болохыг хүсэхгүй байна... Гэхдээ л би бусдын төлөө бус өөрийнхөө аз жаргалын төлөө амьдармаар байх юм ... Яах вэ” гэдэг асуултуудаар намайг булж, эргэлзээн дунд төөрүүлж орхилоо. Би одоо яах вэ.

Манай эхнэр гадаадад сурахаар яваад нэг жил болж байгаа юм. Би сайн эцгийн үүрэг гүйцэтгэж хүүгээ авч үлдсэн. Нэг жил гэдэг урт хугацаа санаж, гансрах зэрэгцээд хэцүүхэн л байлаа. Өдөр хоног хэтэрхий гунигтайгаар өрнөж байх энэ үед амин дэм гэлтэй тэр минь гарч ирж, сэтгэлийг минь сэргээж өгсөн. Гэвч үүнээс цааш алхаж болохгүй юм шиг. Надад туслаач. Би түүнд маш их хайртай. Цаашид ч хайрласаар л явах болно. Гэхдээ өөр хүнийг хайрлаад миний гэр бүл удаан оршин тогтнож чадах болов уу. Эхнэр минь халамжтай, сайн эмэгтэй. Хайрлахгүй байхын аргагүй мундаг бүсгүй. Тиймээс ч миний зориглоогүй гадны орныг зорьж, гурван биенийхээ амьдралыг сайжруулахаар сурч, бас ажиллаж байна. Би энд цалин багатай ч хүүтэйгээ хоёулаа бол боломжийн амьдарч байгаа ч ямар ч утга алга. Үүнээс болоод л гэнэт гарч ирсэн учралдаа дэндүү хүндээр хүлээгээд авчих шиг боллоо. Эхнэртэй хайртай юу? Гэж долоохон хоногийн өмнө асуусан бол би эргэлзэхгүй тийм л гэх байлаа. Гэвч одоо асуувал хариулж чадахгүй байдалд хүрчихээд байна.

Би өөрийгөө хуураад хэр удаан явж чадахаа үнэхээр мэдэхгүй байна. Үнэхээр хэцүү байдалд орчихлоо. Тоглоом шоглоом болголгүйгээр чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөөч...

Миний гэр бүл НЭГДҮГЭЭРТ байх уу, эсвэл хайр минь НЭГДҮГЭЭР байх уу гэдгийг шийдэхэд үнэхээр хэцүү юм. Алийг нь ч сонгосон маш том золиос хийгдэх гээд байх юм. Туслаач.