Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Д.Болдбаатартай ярилцлаа.

 

-Инфляцын төлөв байдлын тайланд дурдсанаар энэ оны төгсгөл хүртэл инфляцын төвшин тогтвортой байж ирэх оноос өснө гэсэн дүгнэлтийг хийсэн. Гол шалтгааныг хэрхэн тайлбарлах вэ?

 

- Бодит эдийн засаг энэ оны сүүлийн хагасаас сэргэх тооцоо байгаа. Оюу толгойн уурхайн ажил эрчимжиж, манай гол экспортын үнэ цааш унах нь зогсох төсөөлөл ийм дүгнэлтэд хүрэхэд нөлөөлсөн. Манай олборлох үйлдвэрлэлийн экспорт биет хэмжээний хувьд өсч, үнэ буурахыг дагаад мөнгөн дүн нь багасаад байсан юм. Харин ингэж үнэ буурах нь зогсвол экспортын мөнгөн орлого нэмэгдэж эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Ингэж бодит эдийн засаг сэргэхийг дагаад эрэлт сэргэж үнэ буурах нь зогсож аажим инфляци нам, тогтвортой байх хэмжээнд хүрнэ.

 

-Инфляц бага байгаа нь зээлийн хүүг бууруулах боломж олгож буй нь ойлгомжтой. Зээлийн хүүг бууруулахад саад болж буй хүчин зүйлүүд байна уу?

 

-Банкуудын нийт төгрөгийн зээлийн хүүгийн дундаж түвшин жилийн 17.8 хувь байна. 2015 оны зургаан сараас энэ үзүүлэлт өсч жилийн 18% давж өнгөрсөн дөрвөн сард 18.3% хүрээд буурч эхэллээ. Зургаадугаар сард олгосон нийт төгрөгийн зээлийн дундаж хүү жилийн 19.1 хувь байна. Энэ үзүүлэлт 2015 оноос хойш 18.7-оос 20.2 хувийн хооронд хэлбэлзэж байсан юм. Сүүлийн саруудад тухайн сард олгосон зээлийн дундаж хүү буурч байна. Хүүгийн төвшин өндөр байхад инфляц, эрсдэл, төгрөгийн хүүгийн төвшинд валютын ханш ихээхэн чухал үүрэгтэй. Инфляц бага байгаа нь зээлийн хүү буурахад нөлөөлж байна. Харин төгрөгийн зээлийн хүү валютын ханшийн нөлөөнөөс хамаарч хурдан буураагүй байна. Зээлийн чанар муудаж, банкуудын алдагдал өсч байгаа нь ойрын үед зээлийн хүү өндөр байх нөхцөл бүрдүүлэх хүчин зүйл ч болоод байна.

 

-Мөнгөний бодлогын хүүг он гарсаар 2 удаа бууруулах шийдвэрийн нөлөө хэзээнээс хэрхэн гарах вэ?

 

- Мөнгөний бодлогын хүү бууруулсан шийдвэрүүд нь оны сүүлийн хагаст бодит эдийн засгийн идэвхжилийг тэтгэх үүрэгтэй байх юм. Төсвийн тодотголоор сангийн бодлогын тохиргоо хийж чадвал бодлогын хүүний энэ нөлөө илүү сайн үр дүнтэй байх болно. Төсвийн зарлагыг бууруулах нь хувийн хэвшлийн зээлийн эх үүсвэрийг чөлөөлж өгөхөөс гадна төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлж валютын ханш сулрах дарамтыг бууруулахад чухал ач холбогдолтой бодлогын тохиргоо болоод байна. Мөнгөний бодлогын шийдвэр өөрөө ирээдүйд аажуу нөлөөлдөг бол сангийн бодлогын өөрчлөлт түргэн хугацаанд нөлөө үзүүлэх чадвартай байдаг.

 

-Төсвийн алдагдал 1.1 их наяд төгрөг давсан нь мөнгөний бодлогын хэрэгжилтэд хэрхэн нөлөөлөх вэ?

 

-Төсвийн алдагдал удаан хугацаанд их байхаар алдагдал нь нэмэгдээд байдаг. Алдагдалтай байх нь санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдсэн өртөг үйлдвэрлэдэг бодит сектороос илүүтэй улсын төсөв хэрэглээд байгаа тул хүү бууруулах чиглэлд ажиллаж байгаа мөнгөний бодлогыг үр дүнгүй болгодог. Төсвийн алдагдлыг яаж шийдэх нь ойлгомжгүй байх тусам макро эдийн засгийн тодорхойгүй байдал өсч үүнийг дагаад хадгаламжийн хугацаа, ханш гэх зэрэг тодорхойгүй байдлыг их мэдэрдэг үзүүлэлтүүд тогтворгүй болно. Ер нь төлбөрийн тэнцэл, төсөв алдагдалтай үед мөнгөний бодлогын үр дүн тооцоолж байсан түвшинд хүрэхгүй байх гол нөхцөл болно.

 

-Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй зэрэгцүүлээд ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Бидний нэрлэж заншсанаар, найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэх, эдийн засгийн бүтцийг хэрэглээнээс хуримлалд шилжүүлэх зорилготой. Энэ зорилгоо хэр биелүүлж байна вэ?

 

-Энэ талаар олон хүн мундаг тоо хэлсэн байх аа. Манайхан өнгөрсөн зургаан сард 42.3 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл төлсөн байна. Ийм хэмжээгээр монголчуудын хөрөнгө эзэндээ очсон байна гэж болно. Үүнийг хуримтлал хийж байна гээд байгаа юм. Мөн инфляци 1.6% байгаа учраас иргэдийн бодит орлого их муудахгүй хуримтлал нь дарамт багатай байна гэж болно. Одоо цаашдаа ажлын байр нэмэгдэх тусам хуримтлал улам нэмэгдэх, зэрэгцээд хэрэглээ өсөх боломж бүрдсэн байгаа. Ажлын байр нэмэгдүүлэх, хэрэглээ өсгөхөд макро эдийн засгийн бодлогын гол зорилт болжээ.

 

-Мөнгөний нийлүүлэлт он гарсаар өсч байгаа нь эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

 

-Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт 11.4% байгаа нь бидний тооцоолж байсан хэмжээнд байгаа. Энэ өөрөө манай түүхэн үзүүлэлттэй харьцуулахад бага өсөлт. Гэхдээ өнгөрсөн оны хоёрдугаар улирлаас ойр ойрхон сөрөг болоод байсан энэ үзүүлэлт засагдаж байгаа нь санхүүгийн сектор ажиллагаа сэргэж байгааг илтгэж байна. Ойрын улиралд банкны тогтвортой байдал сайн байвал санхүүгийн зуучлал улам өргөжих болно.

 

-Ярилцсанд баярлалаа.