Ирэх өвөл цас их унаж, их хүйтэрнэ. Улмаар өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүйг ОБЕГ-аас анхаарууллаа.

Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Өвөрхангай зэрэг нийт 15 аймгийн зарим сумдад зуншлага дунд, Дорнод аймгийн Баян-Уул, Дорноговь аймгийн Иххэт, Өмнөговь аймгийн Хүрмэн, Увс аймгийн Малчин, Цагаанхайрхан сумдад зуншлага тааруу байна. Иймээс дээрх аймаг, сумад өвөлжилтийн бэлтгэл ажилд тайван хандаж болохгүй.

Өвөлжилт хүндэрнэ гэж сэрэмжлээд өвс, тэжээлийн нөөцөө эртнээс бэлдэх шаардлагатайг ОБЕГ-аас сануулав. Гол, мөрний усны түвшин нэмэгдэн үерлэсэн ийм үед хадлан, тэжээл бэлтгэх ажилд хүндрэл гарах магадлалтай. Зарим аймаг, сумдад голын ус эргээсээ хальж үерлэсний улмаас хадлангийн талбай усанд автагдах, тухайн газарт элс, шороо ихээр хуримтлагдсан байх эрсдэлтэй. Иймээс хадлан, тэжээлээ бэлтгэхдээ өмнө нь тухайн газраас сайтар судлах шаардлагатайг онцгойгынхон хэлж байна. 2016 он гарсаар Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотод болсон 17 удаагийн үерт гурван хүүхэд, нэг том хүн, нийт дөрвөн хүн амь насаа алдаж, 196 гэр байшин өртсөн байна.

Нийт голуудын усны түвшин нэмэгдсэн, бороо хур их орж байгаатай холбоотойгоор тогтоол ус бий болсон. Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисон, найз нөхөд, хамт олноороо аялал, амралт зугаалгаар явахдаа архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн, сэрүүцэх зорилгоор усанд орох, үертэй голыг морь болон автомашинтай гатлах гэж ордог зэрэг шалтгаанаас болж нийт 93 хүн усны золгүй ослоор амиа алджээ. Жимс, самар боловсорч, иргэд самар, жимс түүхээр явах нь ихэсчээ. Гэтэл цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд нийт нутгаар дуу цахилгаантай бороо орно гэж мэдээлж эхэлжээ. Иймд нутгийн захиргааны байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллагууд иргэдийн аюулгүй байдалд анхаарлаа хандуулж ажиллах шаардлагатай болсон хэмээн ОБЕГ-ын удирдлага сэрэмжлүүллээ.