“Манай улсын циркийнхнийг бэлтгэдэг цорын ганц сургууль хэзээ мөдгүй нурах нь” хэмээн удаа дараа мэдээлсэн ч анзаарч хардаг, анзаарсан ч ажил хэрэг болгон асуудлыг даруйхан шийдвэрлэдэг төрийн төлөөлөл үгүй байна.
 
Тодруулбал, “Хуучин цирк” буюу Циркийн сургуулийн барилгын дээвэр, хана нь шүүрэн шанага шиг болтлоо мууджээ. Тиймээс бид өчигдөр тус сургуулийн барилгын нөхцөл байдалтай танилцахаар очсон юм. Биднийг ороход оюутнууд нь бэлтгэл хийж байв. Аж ахуйн нэгж, албан байгууллага, орон сууцууд аль хэдийнэ халаалтаа авсан байтал энэ их айл л жавар хургаж, зэвхий даасан байдалтай байлаа. Уг барилгыг 1941 онд циркийн сургуулийн зориулалтаар ашиглаж эхэлснээс хойш өнөө хүртэл нэг ч засвар хийгээгүй ажээ. Тиймээс мод нь өмхөрч, илжирч муудаад зогсохгүй таазны нэлээд хэдэн банз хугарч унаад, онгорхой нүх гарчээ. Мөн өрөө, хонгилын шал цөмөрч, хананы шавар нь хуурч унасан байв. Циркийн бэлтгэл хийнэ гэдэг бол энгийн сургуулийн оюутнууд ширээ, сандалд тухлаад хичээл хийхтэй адилгүй. Өөрөөр хэлбэл, үргэлж л тэд үсэрч харайж, таазнаас унжуулсан олснуудад зүүгдэн эргэлдэн байж суралцдаг онцлоготой. Энэ бүхэн нь барилгад их, бага хэмжээгээр доргилт өгдөг юм байна. Энэ оны эхээр буюу нэгдүгээр сард ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл энэхүү сургуулийн барилга, багш, ажилтан, оюутнуудын нөхцөл байдалтай танилцаад “Ашиглалтын захиргаа байгуулан барилгыг сэргээн засварлах хөрөнгө, мөнгийг шийдэж өгнө” хэмээн амлажээ. Гэвч өнөө хүртэл засварлаагүй байсаар хичээлийн шинэ жил эхэлсэн байна. Тэр ч бүү хэл өнгөрөгч наймдугаар сард циркчдийг сургуулиа суллаж өгөхийг ССАЖЯ-наас шаардсан гэнэ. Учир нь Зүүн хүрээ буюу “Дашчойлин” хийдийн зүгээс тус яаманд хандаж “Циркийн сургуулийн барилгыг манайд суллаж өгнө үү. Бид сэргээн засварлаад музей байгуулна” гэсэн бичиг илгээсэнтэй холбоотой аж. Тиймээс хийдийнхний хүсэлтийг биелүүлэхээр салбарын яамнаас “Барилгыг суллаж өг” хэмээн удаа дараа шаардсан гэнэ. Харин циркчид сургуулилт хийх өөр зориулалтын газар байхгүй учраас сэргээн засварлаад эргүүлж оруулахгүй л юм бол суллаж өгөхгүй гэсэн байна. Арга ч үгүй шүү дээ. Тэд монголынхоо нэрийг дэлхий дахинд олон удаа дуурсгасныг мэдэхгүй хүн цөөн. Тухайлбал, өнгөрсөн онд Монте Карлогийн их наадмаас хүрэл цом, “Х–Roses” хамтлаг 2011 онд БНХАУ-д зохиогдсон олон улсын их наадмаас мөнгөн цом гэх мэтчилэн олон арван гавьяа шагнал хүртсэн байдаг. Гэтэл тэднийг дэмжих нь бүү хэл орох орон байргүй болгож, хөөн гаргах гэж буй нь юу гэсэн үг вэ. Монгол Улсын болон ОХУ- ын СТА, Ахмад циркчин Г.Доржнамжил гуай өнгөрсөн намар “Циркийн урлагийг дэмжихгүй, сургуулийн барилгад засвар хийж өгөхгүй устгах гээд байгаа бол бид энэ барилгадаа дарагдаад үхсэн ч яахав” хэмээн бухимдаж байсан удаатай. Тэрбээр энэ удаад ч “Нэгдүгээрт циркийн урлагийг хөгжүүлэхэд, хоёрдугаарт түүхэн барилгыг зориулалтаар нь ашиглахад төрөөс анхаарал хандуулах ёстой. Бидэнд шинэ сургууль барьж өгсөн ч энэ барилга циркийн зориулалттай хэвээр үлдэх учиртай” гэв. Мөн тус сургуулийн багш, агаарын гимнастикчин Д.Тунгалаг “Манай улс циркийн урлагийг орхисон. Өнчин хүүхэд шиг хэдэн хүн өөрсдийгөө хөгжүүлж байгаад дэлхийгээс олон шагнал авчирлаа. Тэр болгонд улс орны зүгээс анхаарал тавьж, магтан сайшаадаггүй. Гэтэл спортын бусад төрлийн тамирчдад хэдэн зуун саяар нь тоологдох мөнгө, хөрөнгө өгдөг юм билээ. Бидэнд бас тэгэхгүй юм аа гэхэд бэлтгэлээ хийдэг ганц сургуулийг маань булаах биш харин ч сэргээн засварлаад өгөх хэрэгтэй шүү дээ” гэсэн юм. Зуны улиралд дээврээс нь дусаал гоожиж, өвөлдөө халаалттай байсан ч салхи сийгэж хүйт даасан энэ сургуульд хүүхдүүд суралцаж, бэлтгэл хийнэ гэдэг үнэхээр амаргүй аж. Хаанаас таазны банз ховхорч унаад цохих, хаана нь шал цөмрөөд унахыг таахын аргагүй, амьдрах үхэх нь аз мэдсэн орчинд циркийн урлагийг тэд ийнхүү хөгжүүлж буй. Бид 30 орчим минут саатахад л голд хүйт орон даарч байсныг энд дурдах нь зүйтэй болов уу. Ийм нөхцөлд сурагчид үргэлж хөдөлгөөнтэй байж, сургуулилт хийдэг тулдаа л дулаацдаг бололтой. Хэрэв хэт хөлрөх юм бол хатгаа өвчин тусахыг ч үгүйсгэх аргагүй юм. Тиймээс ахмад циркчин Г.Доржнамжил гуай халаалт тавиулахын тулд хувийнхаа машиныг барьцаанд тавин зээл аваад 3.6 сая гаруй төгрөгөөр дулааны тоолуур худалдан аваад байгаа ажээ. 

СЭРГЭЭН ЗАСВАРЛАХГҮЙГЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БОЛОХГҮЙ ГЭСЭН ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ 
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 18-нд мэргэжлийн хяналтын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч А.Мягмаржав, Газрын харилцааны хяналтын улсын байцаагч Б.Ууганбаяр, Соёлын хяналтын улсын байцаагч Ч.Даариймаа нар Циркийн сургуулийн барилгад шалгалт хийжээ. Тэд “Хуучин цирк”-ийн барилгуудын хийц бүтээц, инженерийн шугам сүлжээний төлөв байдал нь газар хөдлөлтөөс хамгаалах техникийн шийдэлгүй барьжээ. Үндсэн даацын бүтээцүүд нь гажиж, цаашид тогтвортой ажиллах нөхцөл алдагдсан байна. Олон жилийн ашиглалтын явцад хоцрогдол / мораль/-ийн элэгдэлд орсон. Доторх цэвэр, бохир ус, цахилгааны шугам сүлжээ хэвийн найдвартай ажиллах боломжгүй. Тиймээс цаашид засвар шинэчлэл хийхгүйгээр ашиглах нь Барилгын тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.1.1-д заасан “Хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх” гэснийг ноцтой зөрчиж байна” хэмээн дүгнэжээ. Мөн тэд уг барилгыг “Сэргээн засварлах боломжгүй” гээгүй аж. Өөрөөр хэлбэл, дүгнэлтэд “Сэргээн засварлахдаа циркийн тоглолт, сургуулилт хийхэд гэр хэлбэрт дуганы өндөр хүрэлцэхгүй байгааг харгалзан үзэж манежийн хэсгийн шалны төвшинг доош нь зохих хэмжээгээр ухаж болно” гэсэн байна. Гэтэл өнөөдрийн байдлаар энэхүү эрсдэлтэй барилгад 30 орчим сурагч суралцаж, багж, ажилтан, жүжигчин нийлсэн 100 гаруй уран бүтээлч өдөр тутам үйл ажиллагаа явуулж байна. Тэд аминдаа хайргүйдээ биш циркийн урлагтаа хайртайдаа ийнхүү эрсдэлийг үл харгалзан бэлтгэл хийж байгаа гэнэ. Тэгээд ч улсаас, үгүй ядахдаа салбарын яамнаас нь асуудлыг дорвитойхон шийдвэрлэж өгөхгүй байгаа учраас тэд аргагүйн эрхэнд эндээ байрлаж байгаа аж. Нөгөө талаар өөсрдийг нь хөсөр хаяж барилгыг нь сүм хийдэд шилжүүлэн өгөх гэж буйг эсэргүүцэж байгаа юм байна. 

ЦИРКИЙН СУРГУУЛИЙИН БАРИЛГА 130 ГАРУЙ ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ 
Өдгөөгөөс 130 гаруй жилийн тэртээ буюу 1880-аад онд энэ барилгыг барьсан бөгөөд Богд Жавзундамбын их хатан Дондогдуламын зуны сэрүүн лавиран нь байжээ. Уг сэрүүн өрөөндөө их хатан бурхан тахил, ном судар хадгалахаас гадна түүний уран дархан, сийлбэрч, барималч, оёдолчин, бичгийн их мэргэд амьдарч, уран бүтээлээ туурвидаг байсан аж. Тэр цагаас хойш “Эрх дагины номун өргөө” хэмээн нэрийдэж явсаар дайны үед зэр зэвсэг хүртэл хадгалах агуулах болгон ашиглаж байсан гэх мэдээ бий. Харин 1940-өөд оноос Маршал Х.Чойбалсан номыг өргөөг циркийн зориулалтаар ашиглах тухай тушаал гаргасан байна. Ингэснээр дуганы голд байх дөрвөн баганыг архитектор Намхайцэрэн гүүрийн холбоос хийх аргаар дотоод зохион байгуулалтыг нь өөрчлөн циркийн манежийг бүтээжээ. Хожим нь 1971 онд Улсын цирк шинэ барилгатай болсноор “Хуучин цирк”-ийг Циркийн сургууль болгон шинээр суралцагсад бэлтгэлээ хийх болсон байна. Тиймээс салебарын яам энэхүү барилгыг суллаж “Дашчойлин” хийдэд музей болгон өгөх бус циркийн зориулалтаар сэргээн засварлаад ашиглах нь зүйтэй биз ээ.