Өнөөдөр УЕПГ-аас Прокурорын байгууллагын эхний хагас жилд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан болон 2016 оны УИХ, Орон нутгийн сонгуулийн үеэр гарсан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийн талаар Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр олны анхаарлын төвд байгаа зарим хэргүүдийн талаар мэдээлэл өглөө.

Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга болон А.Гансүх нарын холбогдоод байгаа хэргийн талаар: “Хуурамч бичиг баримт үйлдэж, мөнгө угаасан хэрэгт УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх асан А.Гансүх нарыг сэжигтнээр татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөн А.Гансүх, Х.Баттулга нарт хилийн хориг тавьсан нь үнэн. Үүнтэй холбоотойгоор А.Гансүх одоогоор эх орондоо байгаа. Х.Баттулгын хувьд жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчийн хувиар олимпод оролцох бололцоо, нөхцөлийг нь хангаж хилийн хоригийг нийслэлийн Прокурорын газраас түр цуцалсан” гэв.

Тэднийг сэжиглэж буй Эрүүгийн хуулийн зүйл ангийг тодруулбал “263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Гэж заажээ.

Энэ хэргийн талаар бид эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа