Б.БОЛОР

“Ажлын байраа хадгалж, тодорхой салбарт, тодорхой төвшинд цалин бууруулна” гэсэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын мэдээлэл олныг цочирдуулав. Сонгуулиар үнэмлэхүй олон болсон намын мөрийн хөтөлбөрт энэ тухай нэг ч үг үсэг, өгүүлбэр алга. Харин ч “Цалинг жил бүр үе шаттай нэмэгдүүлнэ” гэжээ.

Түүнчлэн Ерөнхий сайдын мэдээллийн үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн төсвийн алдагдал хоёр их наяд хүрэхэд нөлөөлсөн хүчин зүйл нь төлөвлөөгүй зардал гэв. Үүнд, цалин тэтгэврийн нэмэгдэл, ялгавартай олгох байсан хүүхдийн мөнгө орж байгаа. Тиймээс халамжийн бодлого зорилтот бүлэгтээ л очих ёстой гэсэн юм. Гэтэл МАН-ын мөрийн хөтөлбөрт “Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт ялгаваргүй олгоно...” гэсэн өгүүлбэр дурайж байх. Ингээд МАН-ын амлалт хөрсөнд буухдаа эсрэг эргэдгийг тэдэнд итгэл үзүүлсэн сонгогчид тов тодорхой харлаа.

Монголчууд “Хэлсэн үгэндээ эзэн болж, идсэн хоолондоо сав бол” гэдэгсэн. Энэ Засгийн газраас гар­сан, гарах гэж байгаа шийдвэрүүд Монгол Улсад ухралт болж байна хэмээн цахим орчинд сэтгэгдэл хөвөрсөөр. Гэтэл Сангийн яамны төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат “Сангийн яамнаас төсвийн тодотгол боловсруулж байгаа. Төрийн өндөр болон улстөрийн албан тушаалтнууд, яамд, агентлагийн удирдах албан тушаалтнуудын цалинг бууруулах асуудал яригдаж байна” гэсэн байх юм. Ингэхдээ улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувь, төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудынхыг 20 хувиар бууруулахаар болж байгаа бололтой.

Төрийн албанд 180 мянга гаруй хүн ажиллаж буй. Үүнээс орон тооны цомхотголд 400-500 хүн хамрагдана гэсэн албан бус тооцоо гарчээ. Тухайлбал, Тахарын алба татан буугдсанаар 584 хүнээс 149 нь цомхот­голд орсон байна. Мөн гэрээ­гээр ажил­ладаг 22 хүн тэтгэмж ч үгүй хоцор­сон байх юм. Түүнч­лэн Уул уурхайн яамны харъяа хоёр агентлагийг нэгтгэснээр 180 хүн ажилтай хоцорч 60 гаруй хүн ажилгүй болох нь тодорхой болжээ. Энэ мэтчилэн ажлын байрыг хадгалж үлдэхийн тулд цалин бууруулна гэсэн Ерөнхий сайдын хэлсэн үг хөрсөнд буухгүй байна.

Уг нь ялсан нам мөрийн хөтөлбөрөө бие­лүүлэх боломжоо бүр­дүүлмээр. Гэтэл мөрийн хөтөлбөрт тусгасан заалтаасаа ухарч байгаа нь хачирхалтай. Магадгүй эдийн засаг хямарсан учраас гэж тайлбарлах биз. Гэсэн хэдий ч өнгөрсөн жилүүдэд улсын төсөв нэг их наядын алдагдалтай гарч, эдийн засаг хүнд байгааг МАН-ынхан мэдэхийн цаагуур мэдэж байсан. Гэвч тэд ард түмэнд цалинг үе шаттайгаар нэмнэ гэж амалсан шүү дээ.

Төсвийн алдагдлыг бууруулахын тулд тэвчиж болох зардлуудаа танана хэмээн Шийдлийн Засгийн газрын үед “дэд сайд”-гүй болох шийдвэр гаргасан. Гэтэл танана гэж хассан орон тоог нэмсэн хэрнээ төрийн албан хаагчдыг цомхотголд оруулах шийдвэр гаргаж байгаа нь хачирхалтай.

Уг нь ажлын байраа хадгалж үлдэнэ гэдэг санаа нь зөв ч халаа солиогоор зөрчилдөж байна. МАН мөрийн хөтөлбөртөө “Эдийн засгийн хямрал хүндрэлээс улбаалан ажил, орлого нь хумигдан, зээлээ төлж чадахгүйд хүрч, “Найдваргүй зээлдэгчийн жагсаалт”-д бүртгэгдсэн аж ахуйн нэгж, иргэдэд зээлээ эргэн төлж, зээлийн түүхээ сайжруулах боломж олгоно” гэх өгөөмөр заалт оруулжээ. Үүнийг дурдсаны учир нь цомхотголд орсон төрийн албан хаагчдын амьдрал хаашаа эргэх вэ. Өдгөө хүн бүр зээлтэй болсон цаг. Ядаж л цалингийн зээл бий. Тиймээс л ажлын байр хадгална гэдэг оргүй хоосон үг мэт сонсогдоод байна. Ам, ажлын зөрүү алд дэлэм байвал ч...