9-р сарын 01-ний өдөр айсуй. Сургууль, цэцэрлэгийн бүртгэл ирэх даваа гаригт эхэлнэ. Нэгдүгээр ангид элсэн суралцах гэж буй хүүхдүүд харьяаллынхаа дагуу бүртгэлээ хийлгэчихэд асуудалгүй. Харин цэцэрлэгт анх орох гэж хоёр настангуудын хувьд эцэг, эхчүүд нь санаа зовнин суугаа. Зарим нь цэцэрлэгийн гадаа дугаарлаж эхэлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр нийслэлийн хэмжээнд 221 төрийн өмчийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс Баянгол 32, Баянзүрх 39, Багануур 9, Багахангай 2, Налайх 7, Сүхбаатар 32, Хан-Уул 28, Сонгинохайрхан 42, Чингэлтэй дүүрэгт 30 цэцэрлэг бий.

Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар Улаанбаатарын төрийн өмчийн цэцэрлэгүүдийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг баталлаа. Үүний дагуу 2016-2017 оны хичээлийн жилийн төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн боловсролын хэлтсийн дарга, цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгов.