Австралийн Тасманийн их сургуулийн эрдэмтэд цахим сүлжээнд өөрийнхөө талаар болон хувийн зан чанаруудынхаа тухай худал зүйл бичдэг нийгмийн сүлжээ хэрэглэгчид сэтгэлийн хямралд автах нь илүүтэй байдаг гэдгийг тогтоожээ. Бусдад өөрт байхгүй онцлогууд, шинж чанаруудаа худал хэлдэг тийм хүмүүс элдэв стресст орж, догшин зантай болдог гэдгийг тэд өгүүлэв.

Харин бодит амьдрал дээр бол тэд хүн амьтантай бага харьцаж, бүрэг байдаг нь зүйн хэрэг гэнэ. Судлаачид 164 хүнийг хамруулсан туршилтыг явуулжээ.

Сайн дураар оролцогчдын цахим хуудсуудыг мэргэжилтнүүд судлахдаа жинхэнэ болон хуурамч профайлуудыг нь харьцуулсан аж.

Мөн эрдэмтэд тэдний нийгмийн идэвх, айдсын түвшин, стресс болон сэтгэл хямралын байдал зэргийг дүгнээд тухайн хүн цахим сүлжээнд худал зүйл бичих тусам илүүтэй ганцаардаж, өөрийгөө азгүй амьтан гэж үздэг болохыг олж мэдэв.

Мэргэжилтнүүд нийгэм, сэтгэл санааны асуудалтай байгаа хүмүүс бодит амьдрал дээр ч тэр, хийсвэр ертөнцөд ч тэр биеэ адилхан авч явах тийм аргачлалуудыг бодож боловсруулах нь чухал гэдгийг онцолжээ.

Эх сурвалж www.wikimon.mn