2016 оны УИХ-ын сонгуулиар хэний ч санаанд оромгүй үнэмлэхүй ялалт байгуулсан МАН Монгол Улсын ардчилсан түүхэнд байгаагүй хамгийн хурдан хугацаанд Засгийн газраа эмхэлсэн. Засгийн газар байгуулагдмагцаа эдийн засаг туйлдаа хүрч, төрийн албан хаагчдын цалинг тавьж чадахгүй хэмжээнд хүрсэн, төсвийн бодлогыг зайлшгүй шинэчлэх, хэмнэлтийн горимд шилжих болсныг улс даяар зарласан.

Гэвч УИХ-д өргөн мэдүүлсэн 2016 оны төсвийн тодотголын төслийг төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр нарийвчлан харвал төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлж танасан зүйл огт харагдахгүйгээр үл барам харин ч төсвийн урсгал зарлага 428.3 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Жишээ нь, ихэнх төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардал олон тэрбумаар нэмэгдсэн нь тун хачирхалтай. Цалин хөлс, бичиг хэрэг гэх мэт өдөр тутмын үйл ажиллагааны зардал болох урсгал зардал хүртэл нэмэгдсэнээс харвал улс даяар цацсан дээрх сүржин мэдэгдэл зүгээр л улс төрийн популизм гэх хардлагыг эрхгүй төрүүлж байна.

Төсвийн тодотгол оруулах үндэслэл хэсэгт Монгол Улсын 2016 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1.6 их наяд төгрөгөөр тасарч, зарлага 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ гэж үзжээ. Хэдэн их наяд төгрөгөөр яригдаж буй энэ их төсвийн алдагдлыг нөхөхөд Сангийн яамны хамгийн түрүүлж хэрэгжүүлж буй арга нь төрийн албан хаагчдын цалинг бууруулах бөгөөд үүнээсээ 10 хүрэхгүй тэрбум төгрөгийн хэмнэлтийг бий болгох юм байх. Уг нь эрх баригчид хүүхэд хуурч буй мэт эдгээр аргынхаа оронд төсвийн хүндрэлээ зөв “оношилж”, шийдлээ эрүүлээр харвал туйлдсан түмэнд буулга нь арай бага байхсан.

М.Баяр