Саяхан л мартаж чадахгүй шаналж явсан. Бүтэн зургаан жилийн дараа одоо л бүх юмс сайхан болж байна даа гээд явж байтал дахиад л гараад ирлээ.

Гэхдээ нэг их удсангүй буцаад л явчихлаа. Тэр надад хайртай гэх. Тэгсэн мөртлөө муу хүн болмооргүй байна гэх юм. Би түүнийг санаад үхэх шахсан. Тэнэг минь ийм хайр байдаггүй юм гэж буруутгах байх л даа. Гэхдээ л би түүнд дэндүү их хайртай байсан, байгаа, байсаар ч байх биз. Гэвч бидэнд ямар ч ирээдүй байхгүй. Учир нь би одоо гэр бүлтэй. Хүүгийнхээ төлөө бүхнээ зориулж, өөр зүйл бодох эрхгүй болчихсон хүн. Гэхдээ дахин учирхад дэндүү сайхан, дэндүү амттай... Хормойн донтод юу юу ч билээ дээ... муугаар хэлэх л байх. Ганцхан үнсэлтийг гэхдээ ингэж нэрлэх нь утгагүй биз. Би гэр бүлээ хуураагүй, орхиогүй. Харин сэтгэлээ л маш их өвтгөж, өөрийгөө зовоож сууна. Бид баяртай ч гэж хэлэлгүй салаад бие биенээ мартах гэж олон жилийг зарцуулчихсан мөртлөө тэр нэг өдөр дахин уулзаад яг анх танилцаж байсан шигээ бие бие рүүгээ татагдаж уусчихлаа.

Тэр минь Монголд би АНУ-д ... Амьдрал үргэлжилсээр нэг л мэдэхэд мартагдах байх. Гэвч хэзээ ч мартагдашгүй сайхан дурсамжууд зөвхөн түүнтэй л үлдэж... Уучлаарай хань минь. Чамайг “хоолоо ид” гээд дуудахад чинь би ийм зүйл бичээд л сууж байна. Мартах ёстой гэсэн шийдвэрээсээ болоод мөс шиг хүйтэн хөндий хүн явахад минь чи л намайг гэсгээж, нүдэнд минь гэрэл гэгээ харуулсан. Гэвч саяын гэнэтийн учрал нүдийг минь сохолж, юу ч олж харахаа байчихлаа. Одоо яах ёстой вэ. Мэдээж гэр бүлээ, ханиа, хүүгээ сонгох ёстой. Энэ бол түр зуурын сэтгэл хөдлөл. Гэхдээ л яасан удаан үргэлжилж, зүрх ямар ихээр өвдөнө вэ. Хэн нэгнийг мартах гэж хичээсэн зургаан жилийн үр дүнг хоёрхон өдрийн уулзалт ингэж сүйтгэж орхилоо. Одоо би ханийнхаа өмнө гэмтэй юм шиг л сууж байна.

Ингэж түүнийг хуурч байхаар боль... гэж зөвлөх хүмүүс олон таарах юм. Үгүй би чадахгүй. Надад тийм эрх байхгүй. Тэгээд ч өөрийнхөө босгосон байшинг сэтгэл хөдлөлөөс болж нураахгүй. Энд хүү минь амьдарна. Тэр аз жаргалтай байх ёстой. Харин миний цээжин дэх шарх л золиос болж үлдэг... Харин яаж, хэрхэн эдгээх вэ? Туслаач...