Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж болон тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд мэдээлэл хийлээ. Тэд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос манай улсын баг тамирчдыг олон улсын тэмцээнд оролцох эрхийг түдгэлзүүлсэн тухай мэдэгдэл бүхий албан бичиг ирсэн талаар мэдээллээ.

 

МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Д.Сумъяабазар “Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос нууцлалын зэрэгтэй бичиг ирүүлсэн. Тус албан тоотод монгол улсын хоёр дасгалжуулагчийн зохисгүй зан үйлдэл нь дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр хүнд халдсан тухай тодотгожээ. Улмаар МЧБХ-нд хариуцлага тоож, албан ёсны хувиарт багтсан олон улсын аль ч тэмцээнд Монгол улсын тамирчдыг оролцуулахгүй байх шийдвэр гаргах тухай мэдэгдсэн байна” хэмээв.

 

Тус албан бичигт ирэх сарын 1-ний дотор өөрийн байр сууриа илэрхийлэн хариу мэдэгдэхийг МЧБХ-ноос шаарджээ.

 

Үүнтэй холбогдуулан МЧБХ-ны хурлаар чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр, дасгалжуулагч Б.Баяраа нарыг олон улс болон дотоодын бүх тэмцээн, чөлөөт бөхийн үйл ажиллагаанд оролцох эрхийг хассан байна. Харин МУГТ Г.Мандахнаранд тусад нь шийдвэр гаргасан гэв.