Монголбанкнаас ипотекийн зээлийн тайланг баасан гарагт танилцууллаа. Сар болгоны эцэст төв банкнаас ипотекийн зээлийн явцын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг гаргадаг.

Энэ оны долдугаар сард нийт 1592 иргэнд 92.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон байна. Ингэснээр ипотекийн зээлийн үлдэгдэл 3.8 их наяд төгрөг болж, нийт зээлдэгчдийн тоо 85.6 мянгад хүрчээ.

Ипотекийн зээлийн хөтөлбөрийг зогсоовол 85.6 мянган өрхийн эрх ашиг хохироход бэлэн байна.

Иргэдээ орон сууцжуулахаар Засгийн газар, Монголбанкны хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүнд ипотекийн зээлтэй иргэдийн тоо сүүлийн гурван жилийн хугацаанд дөрөв дахин нэмэгдсэн байна. Эдийн засгийн хүндрэлийн нэг шалтгаан хэмээн уг хөтөлбөрийг зарим эдийн засагч шүүмжлэх ч иргэдийн хувьд орон сууцтай болох бодит хөшүүрэг болж байгаа юм.

Тайлант сард таван хувийн хүүтэй 26.4 тэрбум төгрөгийн зээлийг 569 иргэнд олгожээ. Харин наймаас таван хувь руу 117 зээлдэгчийн 5.2 тэрбум төгрөгийн зээлийг шилжүүлсэн байна. Ингэснээр ипотекийн зээлтэй өрх тутам хамгийн багадаа сар бүр 150 мянган төгрөгийн хэмнэлт хийх нөхцөл бүрдэж байгаа юм. Энэ нь эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа үед бодитой дэмжлэг төдийгүй өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломж хэмээн бодлого боловсруулагчид үзэж байна.

Өнгөрсөн сарын эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 0.3 хувиар өссөн дүнтэй гарчээ. Энэ нь эрчимтэй хэрэгжиж байсан үетэй харьцуулахад чамлах үзүүлэлт. Гэхдээ зээл зогсолтгүй үргэлжилж байгаа нь зээлийн шаардлага хангасан өрхүүдийн хувьд орон сууцтай болох хамгийн дөт зам. Ипотекийн зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 10.3 хувиар буурч, 19.4-т хүрсэн хэмээн дээрх тайланд дурдсан байна.

  • Ипотекийн зээлийн үлдэгдэл 3.8 их наяд төгрөг боллоо.
  • Ипотекийн зээлтэй иргэдийн тоо сүүлийн гурван жилийн хугацаанд дөрөв дахин нэмэгдсэн байна.
  • Наймаас таван хувь руу 117 зээлдэгчийн 5.2 тэрбум төгрөгийн зээлийг шилжүүлжээ. Ингэснээр ипотекийн зээлтэй өрх тутам хамгийн багадаа сар бүр 150 мянган төгрөгийн хэмнэлт хийх нөхцөл бүрдэж байна.

Ипотекийн зээлийн үлдэгдлийн 77.7 хувийг “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл бүрдүүлж байгаа аж. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлээр орон сууцтай болсон найман иргэн тутмын зургаа нь дээрх хөтөлбөрөөс дэмжлэг авсан гэсэн үг. Арилжааны банкууд 20.7 хувь буюу 799.3 тэрбум төгрөгийг өөрийн эх үүсвэрээс олгожээ. Харин үлдсэн 1.6 хувийг бусад эх үүсвэрээр олгосон зээл эзэлж байна.

Монголбанкнаас ипотекийн зээлийн ээлжит тайланг танилцууллаа

Ипотекийн зээлийн үлдэгдлийн 99.1 хувь нь төгрөгийн, 0.9 хувь нь валютын зээл болохыг уг тайланд тэмдэглэжээ. Валютын зээлтэй иргэдийн хувьд төгрөгтэй харьцах ам.долларын ханш огцом чангарах болсон нь тухайн зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүсгэж байгааг хөндөх болсон. Ипотекийн зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн зээл долдугаар сарын байдлаар 3.4 хувь, чанаргүй зээлийн эзлэх хувь 1.2 хувьтай байна.

Хамгийн найдвартай, эрсдэл багатай бүтээгдэхүүн гэж ипотекийн зээлийг арилжааны банкууд онцолдог. Энэ утгаараа олгосон зээлийн чанар болон гүйцэтгэл бусад зээлийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад хамгийн сайн үзүүлэлттэй байдаг билээ. Тайлант сард олгосон ипотекийн зээл өмнөх сараас 32.7 хувиар буурсан бол өмнөх оны мөн үеэс 50.7-гоор өссөн байна.

Өнгөрсөн сард шинээр олгосон зээлийн 90.2 хувь буюу 83.7 тэрбум төгрөг нь хөтөлбөрийн зээл болохыг уг тайланд тодотгожээ. Үлдсэн 9.8 хувь буюу 9.1 тэрбум төгрөг нь банкуудын өөрийн эх үүсвэрээс олгосон зээл. Харин бусад эх үүсвэрээс зээл олгогдоогүй аж.

Ипотекийн зээлийн үлдэгдлийн 77.7 хувийг “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”- ийн зээл бүрдүүлжээ.

Ипотекийн зээл авч байгаа иргэдийн хувьд зээлийн эргэн төлөлтийн хугацаагаа харилцан адилгүй банктайгаа тохирдог. Иргэдийн хувьд дээд тал нь 30 жилийн хугацаатай зээл авах боломжтой. Гэхдээ хэмжээ болон эргэн төлөлтийн дүн зэргээс хамаарч өөрчлөгдөх нь бий. Тайлант сард банкууд гурван сараас 30 жилийн хугацаатай зээл олгожээ. Олгосон зээлийн жигнэсэн дундаж хугацаа нь 19.5 жил болохыг Монголбанкнаас мэдээлсэн юм. Зээлийн үлдэгдлийн дундаж хугацаа өнгөрсөн сард 16.3 жил байна.

Банкуудын олгосон ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хүү долдугаар сард 7.72 хувь болжээ. Энэ нь өмнөх сараас төдийлэн өөрчлөлтгүй байгаа юм. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.2 хувиар буурчээ. Банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээлийн дундаж хүү 13.8 хувь байна. Хөтөлбөрийн зээлийн дундаж хүү энэ оны гуравдугаар сараас 6.4 хувь болж буураад байгаа билээ. Банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн 76.6 хувийг Улаанбаатар хотод, 23.4-ийг нь орон нутагт олгосон зээл бүрдүүлж байна.

Б.Баяртогтох

Засгийн газрын мэдээ