“Таван толгой”-н нүүрсний орд нөөцөөрөө Монголд төдийгүй дэлхийд тэргүүлдэг. 6.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгөөс гуравны нэг нь өндөр үнээр зарагдах коксжих нүүрс гэж геологичид ярьдаг.

Урд хөршийн гангийн үйлдвэрүүдийн өндөр үнээр худалдаж авдаг коксжих нүүрсийг “Энержи ресурс” шиг угааж баяжуулаад гаргавал овоо үнээр худалдчих боломж бэлхнээ бий. Нүүрсээ тээх төмөр замаа урд хөрш рүү татчихвал монголчуудыг овоо хэдэн жил тэжээх нөөц өмнийн говийн хөрсөн доор байгаа. Мэдээж том орд гэдэг утгаараа Таван толгойн ард том эрх ашиг яваа. Австралид үер болж монгол нүүрс хаданд гарахаас бүр өмнө яригдаж эхэлсэн төмөр замын бүтээн байгуулалт нарийн, өргөн цариг гэсэн гэнэн гэмээр тайлбартайгаар өнөөг хүртэл ажил болоогүй нь энэ ордын цаана хэр том зодоон, хэчнээн их өрсөлдөөн өрнөдгийн наад захын нотолгоо. Өнгөрсөн засгийн үед М.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсэг Японы “Сумитома”, Хятадын “Шинхуа”-тай хамтарч Таван толгойг цогцоор нь ашиглах хэлэлцээр хийж байв. Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурдгийн даваан дээр УИХ-ын дарга “Үгүй шүү” гэж алхаа тогшсон нь энэ ордод улс төрийн сонирхол хэр өндөр байдгийн хамгийн сүүлийн жишээ. Шинэ засгийн эхлээд дуугарч байгаа, улстөржүүлээд эхэлсэн сэдэв ч Таван толгой болж байна.

Саяхан гэхэд л эдийн засагч П.Хашчулуун Таван толгойг бараг л хятадуудад өгсөн, нууц гэрээ хийсэн гэсэн агуулгатай мэдэгдэл хийсэн нь олны анхааралд байна. “Эрдэнэс таван толгой”-н TTJVCO-той хийсэн гэрээ өнөөдөр сөхөгдөж байгаа нь шинэ асуудал биш. Тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөр дээрээ бензин асгаж шатаах үеэрээ энэ асуудлыг ярьж байв. "Эрдэнэс Таван толгой" компанийн зүүн Цанхид Австралийн компани гэрээгээр олборлолт явуулж байсан юм. Нүүрсний зах зээл хэцүүдсэн өнгөрсөн жилүүдэд хэт өндөр өртгөөр олборлолт явуулж байсан Австралийн компанид төлбөрийг нь төлж хүчрэхээ байж, сүүлдээ өнөө компани нь олборлолтоо зогсоож байсныг уншигчид тод санаж байгаа байх. Дараахан нь өндөр өртгөөр олборлолт хийж байсан Австралийн компани ажлаа зогсоож, ТТJVCO компанитай гэрээ хийж хямд зардлаар олборлолт явуулах шийдэлд хүрсэн гэх мэдээлэл цацагдаж байв. Яг энэ үеэр өөрийгөө шатаадаг Эрдэнэ “Таван толгойн ажилчдыг Хятадын компани руу шилжүүлэх гэж байна” хэмээн шүүмжилж байв.

Тухайн үед “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Билгээ “Эрдэнэс Таван толгой” ХК Таван толгой ордын зүүн Цанхийн уурхайд 2011 онд сонгон шалгаруулалт зарлахад Австралийн “Махмахон” компани оператороор шалгарсан юм. Энэ компани Монголд бүртгэлтэй “TTJVCO” гэдэг компаниараа дамжуулж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. “Эрдэнэс Таван толгой” “TTJVCO” компанид олборлолтын өртгийг нь төлдөг байсан юм. Зүүн Цанхид ажилладаг хүмүүс нь манай компанийн ажилчид. Харин оператор компанийн зүгээс техник хэрэгсэл, менежментийг хариуцаж байсан” гэсэн тайлбар хийсэн байдаг.

Сая дэгдсэн дуулиан эдийн засагч Ч.Хашчулууны үгээс эхтэйг өмнө онцолсон. Тэрээр “Том төслүүдийг хөдөлгөхөд гацаа үүсч байна. “Таван толгой”-г аваад үзэхэд хөрөнгө оруулалт авах бүрэн боломжтой гэж ярьж байгаа боловч өнгөрсөн Засгийн газар 2015 онд Хятадын үл мэдэх компанитай гэрээ байгуулаад баруун Цанхийг үнэгүй шахуу өгчихсөн байх жишээтэй. Одоо энэ гэрээ хөрөнгө оруулалт татахад маш том асуудал болон гарч ирж байна. Ийм асуудлуудыг нэг нэгээр нь шийдэж Монгол руу оруулах долларын урсгалыг эрчимжүүлнэ. Хэрэв “Таван толгой”-н гэрээ амжилттай болбол дөрвөн тэрбум ам.доллар, ТЭЦ 5 төсөл хэрэгжвэл 1.5 тэрбум ам.долларын урсгал ирнэ. Томоохон төслүүдийг хөдөлгөж, бодлогоо зөв хэрэгжүүлбэл эдийн засаг хурдан хугацаанд өөрчлөгдөж болно” хэмээн хэлсэн юм. Хүлээлт үүсгээд буй энэ чухал ордын нэг хэсгийг гадныхан үнэхээр эзэмшиж, үйл ажиллагаагаа өөрсдөдөө таатай нөхцөлөөр бодлогын түвшинд хэрэгжүүлээд эхэлчихсэн гэж үү. Шалтгаан нь хаанаас эхтэй, юу болохыг өмнө дурдсан “Эрдэнэс Таван толгой”-н гүйцэтгэх захирлын үгнээс харчихаж болно.

МАН-ынхан эдийн засаг хүнд байна, танаж болох юу л байна танана гэж зүтгэж буй. Гэсэн хэрнээ “Оюу толгой”, “Таван толгой” тэргүүтэй томоохон төслүүдийг хөдөлгөнө гээд ханцуй шамлан дайрч буй. УИХ-ын гишүүн асан Г.Уянга “Ханцуйг ч яах вэ дандаа л шамлаж байдаг юм. Харин халаасанд нь цаадуулынх нь гар дүрээстэй байхад хэчнээн шамлаад яах билээ. Эхлээд байгаагаа авч сурах хэрэгтэй гэдгийг л олон жил ярилаа даа. “Том төслүүдээ хөдөлгөнө” гэдэг нэг сайхан нэр томьёотой болж авлаа шүү. Хөдөлгөх тусам л мөнгө нь гадагшаа урсаж, бидэнд дусал нь оногдож, өр нь нэмэгдэх болж дээ” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Гишүүн асан Г.Уянгыг алдарт “поп”-уудын нэг гэж үзэж анхаарахгүй өнгөрч болох ч Таван толгойтой холбоотой хардлага, таамгууд ар араасаа гарах болсон учраас энэ талаар дуугарсан хүн бүрийн үгийг иргэд анхааран уншиж байна.

Угтаа “Эрдэнэс Таван толгой” компанийн зүгээс Цанхийн уурхайн баруун хэсгийн уулын ажлын нарийвчилсан зураг төслийг боловсруулан талбайг нь ашиглалтад бэлтгэж, 2013 оны зургадугаар сард уурхайн үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Цанхийн ордын баруун хэсэг 1.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Цанхийн уурхайн баруун хэсгээс 2013 онд 1.2 тонн, 2014 онд 3.6 сая тонн, 2015 онд 3.3 сая тонн нүүрс тус тус экспортлоод байна гэсэн мэдээллийг өгч байсан удаатай. Мөн 2013 онд Цанхийн уурхайн баруун хэсгээс 1.5 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн ч төлөвлөгөөгөө хоёр дахин давуулан биелүүлж 2.5 сая тонн нүүрс, 2014 онд 4.5 сая тонн нүүрс, 2015 онд 3.8 сая тонн нүүрс олборлосон байдаг.

Олборлолт дажгүй байгаа ч Таван толгойн өр хэдэн тэрбумаар яригдсаар байгаа. Угшил нь МАН-ыг засаг барьсан 2008-2012 онуудаас эхтэй. МАН-ын Засгийн газар 2012 оны сонгуулийн өмнө иргэн бүртээ 21 мянган төгрөг тараах гэж Хятадын “Чалко”-гоос “Оронд нь Таван толгойн нүүрсийг аваарай” гэсэн болзолтойгоор их мөнгө зээлж байв. Өнгөрсөн дөрвөн жилийн тухайд “Эрдэнэс Таван толгой” тэр өрийг нь дарах гэж зүдсэн. Өнөө шуугиад байгаа TTJVCO-той хийсэн гэрээ ч ийм учиртай гэдэг. Өрөө өөрсдөдөө төвөг багатай төлөх гэж л гаргасан нэг хувилбар гэх нь бий.

Нэг хэсэг “MCS” группийн ерөнхийлөгч Ж.Оджаргалд Таван толгойг хувьчилж магадгүй гэсэн яриа тарсан. Мэдээж оргүй яриа биш. “MCS”-ийн ерөнхийлөгч “Эрдэнэс-Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурьтай хэлхэлдэх болсон нь ингэж хардахад хүргэсэн гэдэг. “Эрдэнэс-Таван толгой” компанийг хувьчлах болзолд үндэсний аж ахуйн нэгжид хувьчилна, нүүрс баяжуулах үйлдвэртэй байх ёстой гэж заасан нь ингэж хардах шалтгийг дэвэргэсэн байх. Тухайн үеийн УИХ-ын зарим гишүүд ч “Таван толгойд үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийг татан оруулъя” гэж хэвлэлээр дуугарч байсан юм. Сонгуулийн өмнө энэ яриа биеллээ олно гэсэн хардлага ч олны дунд байв.

Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Цанхийн уурхайн баруун хэсэгт уулын ажлын үйлчилгээ үзүүлэх гэрээт олборлогчоор “Хишиг Арвин Индустрал”, “Мера”, “Монголын Үндэсний олборлогч” компанийн “Монгол уурхайчид” түншлэл шалгаран олборлолтыг гүйцэтгэсэн гэдэг. Тэгвэл Хятадын нэгэн компани нэмэгдэж тус баруун Цанхид олборлолт хийж байгаа гэх мэдээлэл байна. Ингэхдээ олборлолтын гэрээ байгуулсан гэх бөгөөд “Чалко”-гийн өрийг дарахын тулд ийн ажиллаж байна гэсэн сураг чих дэлсэж буй. Гэвч зарим эх сурвалжийн мэдээлснээр “Чалко”-д төлөх Таван толгойн өрнөөс нэг ч төгрөг хасагдахгүй байгаа гэх. Таван толгойг алдагдалтай ажиллаж байгаа харагдуулах замаар хувьчлах сонирхол байхыг үгүйсгэхгүй. Хоёр хоногийн өмнө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мөнхтөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэрээр “Эрдэнэс Таван толгой” компанид шалгалт хийж байгаатай холбоотойгоор ажлаас нь яаран чөлөөллөө гэж мэдэгдээд байгаа. Ор үндэстэй байхыг үгүйсгэх аргагүй. Таван толгой Хятадын компанитай гэрээ хийсэн бол англи хэлээр хийгдсэн нь тодорхой. Гэрээний утга санаа манай улсын хувь заяанд нөлөөлөх эсэхийг тусгай хяналтын баг ажиллаж,албан ёсны орчуулга хийж байж л тогтооно. Энэ хүртэл урт хугацаа туулна. Энэ хооронд гадны компани олборлолтоо хийж, өөрт ашигтайгаар хөдөлсөөр байх нь гэсэн хар яваад байж мэдэх юм. Тэгэхээр “Эрдэнэс Таван толгой” тойрсон энэ хардлагыг тайлах нэг л гарц байна. Тэр нь TTJVCO-той хийсэн гэрээг албан ёсны орчуулгатайгаар бүрэн эхээр нь цаг алдалгүйгээр олонд танилцуулах.