2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 338 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 242 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 12 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч, 15 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Өчигдөр болсон зам тээврийн осолд сургуулийн насны гурван хүүхэд орсон. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: БЗД-ийн нутаг Нарны зам, Шунхлай ШТС-ын урд замд T.Landcruiser маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч овог нэр, оршин суух аяг тодорхойгүй 40-50 орчим насны эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироожээ. Мөн СБД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн хойд автобусны буудалд Цахилгаан тээвэр ХХК-ны троллейбусны жолооч О нь зорчигч 06 настай эмэгтэй А-г хаалгаараа хавчиж гэмтээсэн байна. Зорчигч охин ээжтэйгээ хамт явж байсан бөгөөд хэргийг Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн газраас шалгаж байгаа юм байна. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.