Үндэсний үүрэн холбоо “Жи Мобайл” корпораци иргэдийг бухимдуулж эхэллээ. Тус компани бүх сүлжээнд дуудлага хийх, мессеж бичихэд хязгааргүй боллоо гэсэн реклам цацаж асар олон хэрэглэгчдийг хэдхэн сарын дотор татаж чадсан.

Тэгвэл “Жи Мобайл” корпорациас 98103636 гэсэн дугаараас Жи мобайлын хязгааргүй эрх нээлгэсэн бүх хэрэглэгч рүү ярьж “Хэт их хэрэглэж байгаа” учраас гэрээгээ ирж шинэчил гэж утасдаж эхэлсэн байна.

Гэрээ шинэчлэх асуудлыг 9-р сарын 15-нд хүртэл хүлээн авах аж. Жи мобайлын зүгээс хязгааргүй гэсэн гэрээний нөхцлийг өөрчилж байгаа гэнэ. Хэрвээ сүлжээндээ өдөрт 200-аас дээш мессеж бичвэл, бусад сүлжээнд сард 500-аас илүү мессеж бичвэл, бусад сүлжээнд сард 1000 минутаас илүү дуудлага хийвэл гэрээг цуцлах буюу торгууль, нэмэлт төлбөр авахыг сануулж байна.

Харин иргэдийн хувьд “Жи Мобайл” компанийн талаар өргөдөл гомдлыг тус үүрэн холбооны компани дээр очих бус Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт очиж өргөдөл гомдолоо өгөх зүйтэй юм.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хэрхэн өргөдөл гомдол гаргах талаар хүргэе.

Алхам 1

Асуудлаа үйлчлүүлсэн газартаа тавих

Тухайн үйлчлүүлсэн газартаа очиж тайван, эелдэгээр хандаж асуудлаа тодорхой баримттай тайлбарлаж хэлэх. Ихэнх үйлчилгээний байгууллагууд хэрэглэгчдэд үйлчлэх төв буюу өргөдөл, гомдлыг хүлээн авах газартай байдаг.

Алхам 2

Өргөдөл, гомдлоо бичгээр гаргах

Өргөдөл, гомдлоо тухайн байгууллагын удирдлага, менежерт хаяглах, ямар бэрхшээл үүссэн талаар тодорхой бичиж, нотлох баримтаа хавсаргаж та юу хүсч байгаа тухай, хариуг хэзээ, хэрхэн авч болох талаар бичээрэй. Мөн сар өдөр, өөрийнхөө хаяг, утсыг тодорхой бичиж, өргөдөл болон нотлох баримтынхаа нэг хувийг өөртөө хадгалаарай.

Алхам 3

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандах

Хэрэв таны гомдлыг барагдуулаагүй тохиолдолд та Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандаарай.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт өргөдөл гаргах

Өргөдөл нь албан бичгийн нэг төрөл юм. Өргөдлийг бичихдээ шууд буюу гол утгыг нь бичих хэрэгтэй. Өргөдлийг дараах дарааллаар бичнэ.

 

  • Байгууллагын нэрийг бүтнээр нь бичнэ.
  • Өргөдөл бичих болсон учир шалтгаан буюу агуулга. Энэ хэсгийг дараах дарааллаар бичнэ.
  • Эхлээд өөрийн тухай товч танилцуулга
  • Дараа нь өргөдлийг шийдэхэд холбогдох зүйлийг бичнэ.
  • Төгсгөлд нь юуг хэрхэн шийдүүлэхийг хүсч байгаагаа бичнэ.
  • Өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын хаяг, холбоо барих утас, овог нэр, гарын үсэг зурна.
  • Өргөдөл гаргасан он, сар, өдрөө бичнэ.

ШӨХТГ нь иргэд үйлчилгээ аваад хохирсон тохиолдолд баримт, нотолгоог үндэслэн хандаж өргөдөл гомдлоо шийдвэрлүүлэх бүрэн боломжтой дээр ямар ч төлбөр, хураамж авдаггүйн байна. Мөн тус газар нь иргэдээс ирүүлсэн гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэдэг байна.

М.Буянжаргал