Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос энэ сарын 27-нд Монгол ардын Намын XXVII их хурал болох гэж байгаатай холбогдуулан намын удирдах зөвлөлдөө хандан санал хүргүүлсэн байна. Тус саналд хоёр үндсэн зарчмын асуудлыг хөндсөн ба удахгүй болох их хурлаар шинэчлэн батлах намын дүрмийн төсөлд уг саналаа оруулж тусгуулахаар хүргүүлжээ.

Энэ намын удирдах дээд албан тушаал болох намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга зэрэгт өрсөлдөж буй нэр дэвшигчдэд шалгуур босго тавьдаг болгох, мөн дээрх албан тушаалуудад давхардуулан өрсөлдөхийг дүрмийн хүрээнд хориглох зэргийг төсөлд тусгуулахаар боловсруулсан байна.

Хамгийн сүүлд л гэхэд 2012 оны их хурлын сонгуулийн дараа явагдсан Монгол Ардын Намын бага хурлаар одоогийн удирдах бүтэц бүрэлдэхүүн сонгогдохдоо ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөж унаад нарийн бичгийн дарга болсон тохиолдлууд бий. Энэ нь магадгүй намын нарийн бичгийн дарга болохын тулд Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөж унавал болчихно гэдэг ойлголт ч нийгэмд төрүүлсэн.