Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг С.Зориг агсны амийг зэрлэгээр бүрэлгэсэн хэргийг цагдаа тагнуулын байгууллага 18 жилийн турш мөрдөн шалгаж байгаа ч, тодорхой ахиц гаралгүй өдийг хүрсэн.

Тэгвэл өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд МУСГЗ Д.Сосорбарам тэргүүтэй Ардчилсан намын гишүүд хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл хийлээ. Э.Бат-Үүлийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан сэжигтнээр татаж буй нь сонгууль угтсан зохиомол гүтгэлэг хэмээн үзэж буйгаа мэдэгдлээ.

Тэд энэ үеэрээ “Коммунист угшилтай улс төрийн хүчин болох МАН төр, засгийн эрхийг барих бүртээ уг гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааг улс төрийн бусармаг зорилгодоо ашиглаж байна. Үүний тод жишээ нь сонгууль бүрийн өмнө ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг, бидний журмын нөхөр Э.Бат-Үүлийг энэ хэрэгт холбоотой мэтээр хэвлэлээр гүтгэн гүжирдэж, мөрдөн мөшгиж ирсэн явдал юм. 2000 онд түүнийг энэ хэрэгт сэжигтнээр татаж хэрэгсэхгүй болгосон. Гэвч 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн өмнө ийм үйлдэл давтагдаж, улмаар МАН төр, засгийн эрхийг авсаны дараа түүнийг уг хэрэгт холбогдуулан дахин сэжигтнээр татлаа. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиудыг зөрчсөн энэхүү бусармаг ажиллагааг ардчилсан хувьсгалын анхдагчид, ардчилал, эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцлийн манлайд явсан үе үеийнхний төлөөлөл бид эрх шийдвэртэй эсэргүүцэж байна” гэв.

Түүнчлэн Э.Бат-Үүлийг гэмт хэрэгт хилсээр холбогдуулан хэлмэгдүүлэх гэсэн ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардаж байгаагаа илэрхийллээ. Э.Бат-Үүлийн мэдэгдэлтэй холбоотойгоор талууд ийн байр сууриа илэрхийлцгээж байна. Н.Алтанхуяг эрхэм хэлэхдээ “Энэ хэргийн учир начир олдож заавал илрэх ёстой. Хэрэг илрэх шатандаа явж байна гэсээр нилээдгүй хугацаа өнгөрлөө. Өмнө нь энэ хэргийн дуулианыг олон удаа улс төрийн зорилгоор ашиглаж байсан” хэмээн хэлсэн байгаа юм.