Монголын рок, попын авьяастнуудын дуу хоолойны чадал цар хүрээг дэлхийн хэмжээнд таниулах, шилдэг уран бүтээлчдийн амьдаар дуулах чадварыг харуулж, тэдгээрийг алдаршуулах зорилготой “The Mongolian Live Sessions” төслийг "Prosound" студийн дууны найруулагч Рагу санаачлан, Монголын рок, попын төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчидтэй хамтран амжилттай хэрэгжүүлсэн билээ.

Монголын рок поп урлагийн шилдгүүдийг нэгтгэсэн “The Mongolian Live Sessions” төсөлд “Харанга” хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэн гитарчин Өөжгийтэй, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд төгөлдөр хуурч Т.Пүрэвсүхтэй, зууны манлай эстрадын дуучин, Гавьяат жүжигчин Б.Сарантуяа Д.Мөнх-Оргилтой,”Номин-Талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн Мөнх-Эрдэнэтэй, реппер Rokit Bay DJ Заяатай, “Sweetymotion” төгөлдөр хуурч Б.Чинбаттай, “A Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн соло гитарчин Ц.Алтангэрэл буюу Аткатай, Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог  “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин А.Болорхүүтэй хамтарсан уран бүтээлүүд танд хүрсэн бол одоо “Шинэ үе”-ийн ээлж ирлээ.

Урлагийн ертөнцөд шинэ хувьсал бий болгох, өөртөө итгэлтэй, хүсэл мөрөөдөлдөө үнэнч 12-25 насны дуулах, хөгжим тоглох / бүх төрлийн хөгжмийн зэмсэг орж болно/ авъяастай залуучуудыг дэмжих “Шинэ үе” бодит шоу “The Mongolian Live Sessions-2” болгон танд хүрэх гэж байна.

“Номин констракшн” групп, Unitel групп,  “Turkish Airlines”, болон SBN телевизтэй хамтран хэрэгжүүлэх энэхүү “Шинэ үе” шоу нь хөгжмийн ертөнцөд хамгийн ихээр үгүйлэгдэж байгаа амьд хөгжим, амьд дуу хоолой ямар чухал ач холбогдолтойг залуучуудад мэдрүүлэх, түүнчлэн рок поп ертөнцөд аль хэдийн байр сууриа эзэлсэн уран бүтээлчдийн замнал болоод тэдэнтэй хамт нэг өдрийг өнгөрүүлж зөвөлгөө авах боломжийг уг шоу нэвтрүүлгээр олгох юм.

“Шинэ үе” төсөл хоёр үе шаттай явагдах бөгөөд эхний ээлжинд 30 оролцогч тодрох бол шилдэг 14 оролцогчийг “Prosound" студийн дууны инженер Рагу Раман, хөгжмийн зохиолч Б.Чинбат болон “The Mongolian Live Sessions” төсөлд орсон уран бүтээлчдийн төлөөлөл шүүхээс гадна олон нийтийн сүлжээгээр дамжуулан үзэгчдийн саналаар тодруулахаар болжээ. Шилдэг 14 оролуогчийг Нью- Йоркийн “Guitar Center”-ийн хамгийн шилдэг брэндийн хөгжмийн зэмсэгийг бэлэглэх юм.

Хэрвээ та энэхүү төсөлд өөрийн дуулах дуртай дуугаа, аяаа коверлон мэргэжлийн камер эсвэл өөрийн гар утсаараа хийсэн чанартай дүрсээр SBN телевизийн байранд аваачиж өгөх ба мөн та хүсвэл тус телевизийн байранд дуугаа бичүүлэх боломжтой юм. Оролцогчдын материалыг энэ сарын 25-ыг хүртэл хүлээн авах ба 28-аас эхлэн SBN телевизээр гарах аж.