Өнгөрсөн зургадугаар сараас хойш олгоогүй хүүхдийн мөнгийг иргэд өгөхөө больсон гэж ойлгож байлаа. Тэгвэл хүүхдийн мөнгөний санхүүжилтийг 2016 оны төсвийн тодотголд суусан бөгөөд энэ сарын сүүлээс олгож эхлэх юм байна. Энэ тухай тодруулгыг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын Яамны нийгмийн халамж хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Алтантугаас авлаа.

-Эдийн засгийн хүндрэлээс болж хүүхдийн мөнгийг өнгөрөгч зургадугаар сараас хойш олгоогүй. Иргэдийн дунд бүр олгохоо зогсоосон гэсэн яриа гарах боллоо. Үнэхээр олгохоо больсон юм уу?

-Хүүхдийн мөнгө хөтөлбөрт 2016 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр улсын хэмжээнд 1,021,000 мянган хүүхэд хамрагдаж сар бүр 20,000 мянган төгрөг авч байсан. Харамсалтай нь эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан зургаан сараас хойш олгоогүй. Энэ нь иргэдийн дунд хүүхдийн мөнгийг зогсоосон гэх яриа дэгдэхэд хүрчээ. Манайд хүүхдийн мөнгө, халамжийн мөнгөөр амьдралаа авч явдаг иргэд олон байдаг. Энэ бол бодит үнэн. Засгийн газраас хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгохоор болсон учраас иргэд санаа зоволтгүй тайван байж болно. Зогсоосон зүйл байхгүй. Дээрх дурдсан тооны хүүхдэд сар бүр 20,000 олгоно. Гэхдээ 60 хувьд нь бэлнээр үлдсэн 40 хувьд нь бичилт хийх хэлбэрээр тооцож, 2019 оноос эдийн засаг сэргэхээр үе шаттайгаар олгох шийдэлд хүрсэн. Энэ хүрээнд хүүхэд бүрийг өрхийн бүртгэлийн нэгдсэн сангийн судалгаанд хамруулсан байдаг. Энэ судалгаанд хамрагдсан хүүхдүүдэд сар бүр дансанд нь мөнгө ордог гэсэн үг. Тэднийг амьжиргааны түвшингээр нь 1-20 хүртэл ангилалд хамруулдаг. Энэ ангилалын 1-10 дугаар бүлэгт багтсан буюу эхний ээлжид хамрагдах 60 хувьд нь шууд буюу бэлнээр олгоно.

-Амьдралын баталгаажих түвшнээс доогуур болон дундаж орлоготой айлын хүүхдүүдэд бэлнээр олгоно гэсэн үг үү?

-Ер нь бол тийм. Дундаж болон дунджаас доогуур орлоготой айлын хүүхдүүд гэж ярих ёстой юм. Тэгэхээр баян айлын хүүхдүүдэд мөнгө өгөхгүй, тааруухан амьдралтай айлын хүүхдүүд мөнгө авна гэх зэргээр шууд ойлгож болохгүй. Энэ бол яалт ч үгүй эдийн засгийн тооцооллоор гаргаж ирсэн хэлбэр гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Хэн нэгнийг нь ялгавар үзсэн, гоочилсон зүйл байхгүй. Бичилт хийж байгаад нөхөж олгоно.

-1,021,000 гаруй хүүхдийн 60 хувь гэхээр яг хэдэн хүүхдэд бэлнээр олгоно гэсэн үг вэ? Үүнд хичнээн тэрбум төгрөг зарцуулах вэ?

-660.000 орчим хүүхэд хамрагдана. Сая УИХ–аар батлагдсан төсвийн тодотголоор 79,2 тэрбум төгрөг суусан. Энэ мөнгө бол 2016 оны 7 сараас 12 сар хүртэл хугацаанд авах ёстой мөнгө шүү дээ. Нэг жилд бүх хүүхдэд 240 тэрбум гаруй төгрөг зарцуулсан байдаг.

-Энэ мөнгийг яг хэзээнээс олгох юм бэ?

- Хүүхдийн мөнгийг энэ сарын сүүлээр олгоно. Тэгэхээр аваагүй байсан 7, 8 дугаар сарын мөнгийг мөн нөхөж тооцож олгоно гэсэн үг. Есдүгээр сард хүүхдийн мөнгө олгож эхлэхээр 7, 8, 9 гэсэн гурван сарын мөнгө хамт орно..

З.Хуяг

newscom.mn