Парламентад үнэмлэхүй олонхи болсон эрх баригчид орон нутгийн сонгуульд ялалт байгуулж өөрсдөө яаж гудамжинд лааз өшиглөсөн, тэр гунигт тавилангаа Ардчилсан намынханд амсуулахыг хүсэж байгаа.
Төрийн бүх алба, яам тамгын газар, агентлагуудыг зугуухнаар гартаа оруулж байгаа МАН-ынхан ялалт байгуулна гэж найдаж байгаа. УИХ-ын гишүүн асан, хотын дарга С.Батболд нийслэлд гаргасан амжилтаа бататгаж Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд ялалт байгуулж гэмээнэ Э.Бат-Үүлийн сүүлийн жилүүдэд харуулсан хувийн бөгөөд багийн амжилтыг давтана. Учир юу гэвээс УИХ-ын гишүүний суудлыг үл тоомсорлож нийслэлийг гартаа оруулахаар зүтгэсэн Э.Бат-Үүл багаа удирдаж НИТХ болон Сум, дүүргийн ИТХ-д нийслэлийн хэмжээнд дараалан ялалт байгуулсан нь дөрвөн жилийн өмнөх түүх. Өнгөрсөн хугацаанд түүний баг их улс төрд өрнөсөн АН-ын дотоодын хагарал, тэмцлээс ангид байж чадсан гэхэд болно. Түүнийхээ ч үр шимээр нийслэлд олон зүйл хийж бүтээж, өөрчилсөн гэж болно. Харамсалтай нь, намынхаа удирдлагуудын буянаар гэх үү, үр нөлөөгөөр гэх үү нийслэлийн иргэдийнхээ саналыг олонхиороо авч чадаагүй. Сонгуульд унасан Э.Бат-Үүлд хувийн улс төрийн карьерүүд нь хэвээр үлдсэн ба түүнийг намын дарга болон дараа жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын зүгээс гаргах том хөзрийн нэг гэж үзэгсэд нийгэмд олон бий. Гэтэл сүүлийн үед хуулийн байгууллагынхантай холбоотойгоор түүнийг тойрсон асуудлууд олны харж байгаагаар Э.Бат-Үүлийн карьерт тун хүнд цохилт болох бөгөөд үүнд нь эрх баригчдын оролцоо бий хэмээн ирэх жилийн сонгуультай холбон тайлбарлагсад ч дүүрэн байна.
Гэтэл Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд Улаанбаатарын хувьд гол нүүр царай, нэр дэвшигчдээ дэмжиж оролцох улстөрч болсон нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл ийнхүү урдах асуудалдаа анхаарлаа хандуулаад эхэллээ, фракциудын удирдагч нарынх нь сэм тохиролцоо өнөөг хүртэл энэ намыг удирдаж, намын даргаа тодруулж чадалгүй өдийг хүрсэн, Их хурлын сонгуульд ялагдсаныхаа төлөө олон нийтээс өгсөн даалгаварт нэг ч эерэг зүйл үзүүлж амжаагүй гээд ирэх сонгуулиас муу үнэлгээ авах хангалттай шалтагтай болжээ. Мөн сүүлийн үед өрнөж байгаа Хан-Уул дүүргийн АН-ын хорооны асуудлаас өгсүүлээд энэ намд болж байгаа, бүтэж байгаа зүйл ховорхон байна. Намын удирдлагууд нь ийм зүйлийг л хүсэж байсан юм уу гэж ам асуумаар. Харин нөгөө талд нь ид хаваа үзүүлж, бүх шатны төрийн албан тушаалыг гартаа оруулж байгаа эрх баригчдын зүгээс дээр дурдсанаар яг л Э.Бат-Үүлийн сонголтыг давтаж Их хурлын сэнтийгээс хотын даргын нэр, нөлөөнд илүүтэй татагдсан Су.Батболд нийслэлд хөлтэй болохоор шаргуу бэлтгэж эхэлсэн гэх. Түүний эсрэг талд тун олон сул тал, шалтагтай боловч олон бүтээн байгуулалт, эерэг өөрчлөлтүүд, урьд өмнөх нийслэлийн удирдлагуудын ажил болгож чадаагүйг амжуулж чадсан баг хүлээж байгаа. Мөн нийслэлийн шинэ дарга С.Батболдын багт одоогоор хийж бүтээсэн зүйл нэгээхэн ч үгүй, тэдний амнаас амлалт л унах учиртай.
Хамгийн чухал нь Э.Бат-Үүлийн өмнө нь хийж бүтээснээс илүү гарах юу хийх вэ гэдгээ илэрхийлсэн ямар амлалт тавихаас л хамаарна гэдэг нь ойлгомжтой.
АН, МАН-аас бусад хүчний хувьд МАХН-ыг онцлон нэрлэж болох ч бас л намын дарга нь хуулийн байгууллагатай сөрөг талаараа холбогдсон, Их хуралд бүлэг битгий хэл ганцхан суудал чүү ай авч чадсан, намын дотоодод тулгарсан түмэн асуудалтай гээд бараг орон нутгийн сонгуульд оролцох санхүүгээ ч босгож амжихгүй яваа олон шалтгааны улмаас энэ сонгуульд хүчтэй тоглогч болж чадахгүй нь харваас илт байна.
Иймэрхүү дүр зураг ирэх сард болох нэн чухал сонгуулийн өмнө ажиглагдаж байна.