"Prosound" студийн дууны найруулагч Рагу Раман Монголын рок, попын авьяастнуудын дуу хоолойны чадал цар хүрээг дэлхийн хэмжээнд таниулах, шилдэг уран бүтээлчдийн амьдаар дуулах чадварыг харуулж, тэдгээрийг алдаршуулах зорилготой “The Mongolian Live Sessions” төслийг санаачлан, Монголын рок, попын төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчидтэй хамтран амжилттай хэрэгжүүлсэн билээ.

   Монголын рок поп урлагийн шилдгүүдийг нэгтгэсэн “The Mongolian Live Sessions” төслийн хүрээнд нэг дуучин, нэг хөгжимчин амьдаар дуулж, хөгжимдөх ба 16 уран бүтээлчийн амьд дуулалттай тоглолтын найман видео бичлэгийг ямар ч засвар өөрчлөлтгүйгээр үзэгчдэд толилуулсан.

   Урлагийн ертөнцөд шинэ хувьсал бий болгох, өөртөө итгэлтэй, хүсэл мөрөөдөлдөө үнэнч 12-25 насны дуулах, хөгжим тоглох авъяастай залуучуудыг дэмжих “Шинэ үе” реалити тун удахгүй танд хүрэх нь ээ.

   “Шинэ үе” төсөл хоёр үе шаттай явагдах бөгөөд эхний ээлжинд 30 оролцогч тодрох бол шилдэг 14 оролцогчийг “Prosound" студийн дууны инженер Рагу Раман, хөгжмийн зохиолч Б.Чинбат болон “The Mongolian Live Sessions” төсөлд орсон уран бүтээлчдийн төлөөлөл шүүхээс гадна олон нийтийн сүлжээгээр дамжуулан үзэгчдийн саналаар тодруулах юм байна. Шилдэг 14 оролцогчийг Нью-Йоркийн “Guitar Center”-ийн хамгийн шилдэг брэндийн хөгжмийн зэмсэгээр шагнах юм.

   “Номин констракшн” групп, “Unitel” групп,  “Turkish Airlines”, болон “SBN” телевизтэй хамтран хэрэгжүүлэх энэхүү “Шинэ үе” реалити нь хөгжмийн ертөнцөд хамгийн ихээр үгүйлэгдэж байгаа амьд хөгжим, амьд дуу хоолой ямар чухал ач холбогдолтойг залуучуудад мэдрүүлэх, түүнчлэн рок поп ертөнцөд аль хэдийн байр сууриа эзэлсэн уран бүтээлчдийн замнал болоод тэдэнтэй хамт нэг өдрийг өнгөрүүлж зөвлөгөө авах боломжийг уг шоу нэвтрүүлгээр олгох аж. Хэрвээ та энэхүү төсөлд орохыг хүсвэл өөрийн дуулах дуртай дуу, аяаа коверлон мэргэжлийн камер эсвэл өөрийн гар утсаараа хийсэн чанартай дүрсээр “SBN” телевизийн байранд хүргүүлэх аж. Мөн та хүсвэл тус телевизийн байранд ч дуугаа бичүүлэх боломжтой гэсэн юм байна. Оролцогчдын материалыг энэ сарын 25-ыг хүртэл хүлээн авах ба 28-аас эхлэн “SBN” телевизээр цацагдах юм байна.