Г.Уянга: Бичлэг Л.Эрдэнэчимэг гишүүний өөрийнх нь утсанд байсан


Гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн төрийн ордонд согтуурхаж байгаа бичлэг сонгуулийн өмнө тарж, ихээхэн дуулиан дагуулсан билээ. Тэрхүү бичлэгийг анх тараасан хатуухан үгээр хэлбэл арилжсан хүн нь Г.Уянга гишүүнийг гэх мэдээлэл тарсан.

Тэгсэн тэр үед нь Г.Уянга гар утсаа алдсан гэх мэдээллийг хийж давхар давхар л юм болоод авсан. Тэгвэл гишүүн асан Г.Уянга тэр асуудлын талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэр хэлэхдээ “Тэр бичлэг тамхины тухай хууль батлагдсаны дараа БОХХААБХ-ны даргын өрөөнд болсон явдал. МАН, АН хоёр хамтарч засаглаж байх үеийнх гэдэг чинь 2014, 2015 оных. Гишүүд хэсэг бүлгээрээ нэгнийхээ өрөөнд цугларч ярилцах тохиолдол олон л байдаг. Ялангуяа манай эмэгтэй гишүүд бүлгийн ажлын төлөвлөгөө ярилцах, хэн нэг нь санаачилж байгаа хуулиа танилцуулах, хууль хамтарч санаачлахын тулд гарын үсгийг нь авахаар лоббидох, бие биедээ баяр хүргэх, төрсөн өдрөөрөө хамт хуушуурдах, зүгээр л үдийн хоолоо хамтдаа өрөөндөө идэх тохиолдол олон л байдаг. Тэр бол тийм л тохиолдлуудын нэг байсан. Цугларсан гишүүд намайг дуудсан. Эрдэнэчимэг гишүүн бичлэг дээр хэлсэн үгээ өмнө нь хэлчихсэн юм. Эрдэнэчимэг гишүүн өөрийнхөө хүсэлтээр бичлэгт зориулж давтан хэлж байгаа юм. Мартсан үгийг нь сануулж байгаа эрэгтэй гишүүний үгээс түүнийг мэдэж болно.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Э.Бат-Үүлийг дахин шалгах шалтгаан буюу 104 тэрбум төгрөгийн асуудал

 

 

 

 

Өнгөрсөн баасан гаригт НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэх эсэх талаар хэлэлцлээ. Ингээд үргэлжлүүлэх нь зөв гэдэг саналд нэгдсэн юм.

Мөн уг хуралдаанаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн явцад хийсэн шалгалтын дүнг хэлэлцсэн нь 104 тэрбум төгрөгийн дуулианыг нийгэмд босгож ирлээ. Гэр хорооллыг дахин төлөвлөх нь хотын өмнөх дарга Э.Бат-Үүлийн 2012 онд эхлүүлсэн ажил. Нийслэлийн гэр хороолол дахь айлуудыг тохилог, дулаан орон сууцанд амьдруулж оронд нь хөрс, утааны бохирдлоосоо салах нь Э.Бат-Үүл даргын хүсэл байв. Өнгөрсөн хугацаанд цөөнгүй тооны өрх дахин төлөвлөлтийн буянаар газраа байраар сольж, хүслээ биелүүлжээ. Гэхдээ байрандаа орж баярласан хүмүүс байхад гэр, оронгүй хохирч үлдсэн хэсэг ч байгаа талаар өнгөрсөн даваа гаригт шинээр томилогдсон Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар НИТХ-ын хурал дээр хэлсэн. Тодруулбал, 400 иргэн орон, гэргүй үлдэж 104 тэрбум төгрөг үр ашиггүй салхинд хийссэн гэж тэрбээр хэлэв. Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг 2010 онд эхлүүлэхдээ Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу эхлээд долдугаар хорооллоос төлөвлөлтийг эхлүүлж, багц багцаар нь барилгажуулахаар шийдвэрлэж, газраа чөлөөлсөн иргэдийг түр суурьшуулах зориулалтай 300 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан байдаг.

Үргэлжлэлийг эндээс

АН-ын нууц бичлэг цацагдав

 

Монгол эмэгтэйг зодсон хятадын гаалийн байцаагчийг ажлаас нь халжээ

 

Олон нийтийн сүлжээгээр 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өглөө БНХАУ-ын Эрээн хотын гаалийн байцаагч болон монгол эмэгтэй хоорондын зөрчилдөөний талаарх зураг, бичлэг цацагдаад байсан билээ.

Уг асуудлыг тодруулахаар Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар Эрээн хотын Гаалийн цагдаагийн газрын удирдлагатай холбогдон ажиллаж байгаа бөгөөд хятадын талын өгсөн мэдээллээр Хөх хотын Гаалийн дарга яаралтай шалгах үүрэг өгсний дагуу Эрээн хотын Гаалийн газрын дарга уг хэргийг шалгаж байгаа ажээ. Монгол эмэгтэйтэй зүй бусаар харьцсан хятадын гаалийн байцаагчийг одоогийн байдлаар ажлаас нь чөлөөлөөд байгаагаас гадна ахлах байцаагч, тасгийн даргад нь мөн хариуцлага тооцоод байгаа юм байна. Эрээн дэх Консулын газрын зүгээс хятадын тал хэргийг шалгах ажиллагаа дууссаны дараагаар нэмэлт мэдээлэл авахаар ажиллаж байгаа болно.

Энэ дашрамд иргэдэд сэрэмжлүүлэхэд сүүлийн үед Эрээн хотын авто замын боомтын орох талд монгол иргэд татвараас зугтах зорилгоор барааг бусдад дайж оруулдаг, наймаа хийдэг үйлдэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор хятадын гаалийн байгууллагаас тухайн тохиолдол бүрийг Эрээн хотын Улаанхад дүүргийн цагдаагийн газарт мэдэгдэж, хариуцлага тооцуулж байхаа мэдэгдсэн тул манай иргэд хятадын гаалийн байгууллагын хууль ёсны шаардлагыг биелүүлж байхыг анхааруулж байна.

 

Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгийн эмч нарт ял оноолоо

 

 

 

Сахарын өвчтэй хүн эмнэлэгийн хяналтад байдаг. Тэгвэл эмчийн хяналтад байдаг иргэнд зохих ёсны үйлчилгээ үзүүлээгүйн улмаас нэг хүний амь нас эрсэдсэн байна. Уг хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэн Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгийн зургаан эмчийг буруутай гэж үзэн ял оноожээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Н, Д.Б, М.Э, Е.Д, С.Н, Ч.Ө нарт холбогдох хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр анхан шатны шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэлээ.

Яллагдагч С.Н, Д.Б, М.Э, Е.Д, С.Н, Ч.Ө нар нь эмч, эмнэлгийн ажилтны үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс иргэн Д.Э 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхээс яллагдагч эмч нарыг тус бүрийг эмчлэх эрхийг 1 жилээр хасч 1 жилийн хорих ял оногдуулж уг хорих ялыг өршөөлд хамруулан шийдвэрлэсэн байна.

 

Бичлэг: Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяагийн өрөө шуугиан тарьлаа

Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа албан тасалгааныхаа арын өрөөг хэрхэн тохижуулсан талаар Еаgle тв "Эрэн сурвалжлагч" нэвтрүүлгээрээ хөндсөн нь шуугиан тарьлаа.

Учир нь тус газрын дарга И.Нарантуяа нь албан өрөөндөө төсвийн хөрөнгөөр төгөлдөр хуур авч тавьсан байсан бөгөөд түүний хүүхдүүд ээжийнхээ ажил дээр ирэхдээ уг төгөлдөр хуураар тоглодог байсан гэнэ. Мөн тэрбээр арын өрөөгөө сонгодог загварын тавилга, хувцасны шүүгээ, усанд ордог душ зэргээр тохижуулсан байсан нь олны гайхширлыг төрүүлээд авлаа.

 

Сурвалжлага: Дөрвөн хүүхдийн ээж, таван сартай жирэмсэн бүсгүйн үхлийн талаар хэн юу хэлэв

 

 

 

2016.09.11-ны өдөр таван сартай жирэмсэн Н.Б гэх 35 настай бүсгүй нас барсан. Түүний үхлийн талаар хэн юу ярьсан талаар манай сурвалжлах баг ажиллаа.

 

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төв: 2016 оны 09-р сарын 08-нд БГД ... тоотод суух Н.Б /эм.35н/ нь толгойдоо гэмтэл авч Гэмтэл согог судлалын үндэсний төвийн “Эрчимт эмчилгээний тасаг”-т хүргэгдэн хэвтэн эмчлэгдэж байгаад 09-р сарын 11-ний өдөр нас барсан. Энэ хэрэгт түүний нөхөр Н.Б /эр.35н/-ыг холбогдуулан шалгаж байгаа. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байгаа гэв.

 

Баянгол дүүргийн 14-р хороо: Бид дээд албан тушаалтны зөвшөөрөлтэйгөөр мэдээлэл өгнө. Хувь хүний нууцийн асуудал тул хамаагүй мэдээлэл өгөх эрхгүй. Хуулийн хариуцлага хүлээдэг гэв.

Гэхдээ хорооны зүгээс энэ хэрэгт сэжигтнээр шалгагдаж байгаа Н.Б-г архины эмчилгээнд явуулж байсан. Эхнэрээ байнга зоддог, архины хамааралтай гэдгийг мэддэг байсан аж. Тэд энэ талаараа цахим орчинд мөн мэдэгдэж байсан юм.

 

Үргэлжлэлийг эндээс

 

 

"Фортуна" Н.Батбаярыг Чингис, Самурай бондын асуудлаар АТГ-аас шалгаж эхэллээ

 

 

 

УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярыг АТГ-аас шалгаж эхэллээ. Баттай эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Н.Батбаярыг Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэнэ. Сайд асан Н.Батбаяр нь “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр энэ сарын 15-ны өдрөөс эхлэн АТГ-т шалгагдаж эхэлсэн юм байна. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа аж.

Н.Батбаярыг буруутгаад буй Эрүүгийн хуулийн тусгай зүйл ангийн 263 дугаар зүйлийн 263.2- т Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Мөн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-т Энэ хэргийг давтан, эсхүл хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т Энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байдаг юм.

Н.Батбаяр нь 2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан. Тус яам нь тухайн үеийн Засгийн газраас гаргасан "Чингис", "Самурай" бондуудын нийт 2.1 тэрбум ам.долларын захиран зарцуулалтыг хариуцаж байсан юм.

 

 

Хавтаст хэрэг: Эмэгтэйчүүдийг хил дамнуулан худалдсан этгээдэд хоёр жилийн хорих ял оноосон ч...

 

Өндөр цалинтай ажилд авна, гадаадад өндөр цалинтай ажилд зуучилж байна гэсэн зарын цаана хүний наймаа, охидын биеийг хүчээр үнэлүүлдэг байдал гарсаар байна. Яг ийм хэрэг өнгөрсөн сард Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдэгдсэн байна. Ц.Х удаа дараа БНХАУ-д Монгол охидын биеийг үнэлүүлэхээр авч явах ажлыг зохион байгуулсан бөгөөд анхан шатны шүүхээс түүнд хоёр жилийн ял өгсөн ч тэнсэн харгалзах болгон өөрчилжээ.

Боржигон овогт Ц.Х, 1989 ондУлаанбаатар хотод төрсөн. Монгол улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилгүй. Сонгинохайрхан дүүргийн 8-р хороонд оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. Ц.Х нь давтан үйлдлээр 2015 оны 12 дугаар 12-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл М.Э, З.О нар, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл У.М-г, 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүрөдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл Б.С, Д.Х нарыг БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах мужийн Эрээн хотын Бэй жин чиао гэх газарт очиж биеэ үнэлэхэд зуучилсан гэмт хэрэгт холбогдож анхан шатны шүүхээс хоёр жилийн ял оноосон ч нэг жил тэнсэн харгалзуулахаар болсон байна.

Тэрбээр охидын биеийг үнэлүүлэхдээ ганцхан долоо хоног ажиллаад сая төгрөгтэй болно хэмээн хэлж, нарийн зохион байгуулалттайгаар хил дамнуулан биеийг нь үнэлүүлдэг байжээ. Ингэхдээ тэрбээр зуучилсан нэг охин тус бүрээс 2000 юань буюу Монгол мөнгөөр 670 000 гаруй төгрөгийг хятадуудаас авсан байна. Энэ талаар хохирогчид хэлсэн байдаг. Тодруулбал охидын заримд нь биеийг нь үнэлүүлэх гэж хэлэлгүйгээр зөөгчийн ажил хийлгэнэ гэж худал хэлж дагуулж явсан байна. Улмаар охидыг очингуут нь 2000 юанийн өртэй. Үүнд замын зардал, хувцас, хоол унд авч өгссөн болон буудлыг мөнгө орсон гэх зэргээр тооцоо гаргаад өгсөн байна. Улмаар өрөө төлчхөөд яваарай гээд өдрийн цагаар гаднаас нь түгжиж орой 18:00 цагаас эхлэн биеийг нь үнэлүүлдэг байжээ. Ингэхдээ цагаар 150-200 юань, хоногоор 500 юаниар биеийг нь үнэлүүлж мөнгийг нь байрлаж байсан тухайн газрынх нь эмэгтэй авдаг байсан гэнэ. Хэрвээ Монгол охидыг авсан этгээд өөр буудалд очвол өглөө 09:00 цагт эргэж ирсэн байх ёстой байдаг. Хоцорвол торгуультай буюу өрийг нь нэмдэг байжээ. Мөн зугтаж оргож магад хэмээн өрийн цагаар ганцааранг нь явуулдаггүй, дарамтын дор байлгадаг байжээ. Үүний улмаас Монгол охид БЗХӨ болон халдварт өвчин авч сэтгэл санаа, бие сэтгэлээрээ хохирсон байна.

Монгол хүн, тэр тусмаа эх хүн байж өөрөөсөө ялгаагүй эх хүнийг хил дамнуулан худалдсан Ц.Х гэгчийг буруутай гэж шүүхээс үзэж хоёр жилийн хорих ял оноосон ч тэнсэн харгалзахаар болсон байна. Тодруулбал Ц.Халиунд ял шийтгэхдээ хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, уг хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байх тул хорих ялыг заавал биеэр эдлүүлэх шаардлагагүй гэж үзжээ.

 

Төрийн албыг төрлөөрөө хашигсад

 

 

 

Төрийн эрх баригч солигдохтой зэрэгцэн төрийн албан хаагчид солигддог бичигдээгүй хууль манай улсад үйлчилдэг. Төрийн албан хаагч солигдох бүрт төрлөөрөө төрийн албанд зүтгэдэг жишиг мөн тогтсон. Ингээд төрийн албанд төрлөөрөө зүтгэж олны анхаарлыг татаж байгаа эрхмүүдээс танилцуулъя.

  • УИХ-ын гишүүн Н.Энхболдын худ Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байгаа. Тэрээр уг албан тушаалд томилогдохын тулд мөн ч их зовсон доо...
  • УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Гадаад харилцааны яамны ТЗУГ-ын даргаар ажиллаж байгаа.
  • УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр Чингис хаан нисэх буудлын даргааар томилогдсон. Цахим орчинд зураг нь тарж ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа.
  • УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын хүргэн Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон. Уг томилгооны мэдээ уржигдраас эхлэн цахим орчинд тархсан.
  • УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы эгч НДЕГ-ын дэд даргаар ажиллах болсон.
  • УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцаны дүү Төрийн банкны захирал
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын дүү ХНХ-ын яаманд,
  • Сангийн сайд асан Т.Очирхүүгийн хүү Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч,
  • Шадар сайд У.Хүрэлсүхийн дүү Батлан хамгаалах яаманд газрын дарга,
  • Засаг дарга Су.Батболдын туслах нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар тус тус ажиллаж байгаа.

Үүнээс цаана төрийн албыг төрлийн алба болгосон жишээ цөөнгүй байгаа... Энэ бол эхлэл.

 

Оффшор дуулианы дараа: Монгол ба бусад

 

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо оффшор бүстэй холбоотой ээлжит баримтуудыг ил болгожээ. Тэд энэ оны дөрөвдүгээр сард Панамын баримтуудыг илчилж байсан бол энэ удаа Багамын арлуудынхыг дэлгэсэн байна.

Дэлхий дээр 50 гаруй оффшор бүс бий. Логикоор авч үзвэл, тэрхүү бүс болгоны мэдээлэл ээлж дараалан ил болох нь.

Гэхдээ… Тэглээ гээд юу өөрчлөгдөх юм бэ. Баримтуудыг ээлж дараалан ил болгож байгаагийн цаад зорилго нь юу вэ. Тэнд данс нээлгэсэн бүх хувь хүн, аж ахуйн нэгжүүд чухал уу эсвэл улс төрийн албан тушаал хашдаг хэдийг нь л онцлоод байгаа юм уу. Энэ бүхэн яаж дуусах вэ, оффшор бүс гэж ер нь цаашдаа байх уу. Зарим нэгний бичиж байгаа шиг энэ бүх дуулиан оффшор бүсийн төгсгөлийг авчрах уу. Энэ мэт асуулт одоогоор нээлттэй хэвээр байна. Уг асуудлаар дэлхий нийт “Ажилчин анги”, “Эзэд” гэсэн хоёр бүлэгт хуваагдчихаад тэмцэлдэж байгаа юм.

Ашиг сонирхлын зөрчил
“Эзэд” гэдэг нь мэдээж оффшорт данстай нөхдүүд. Тэдний ихэнх нь бизнесмэнүүд боловч улстөрчид ч бас бий. Бизнес эрхлэгчид аль болох өөрсдөдөө таатай, ажил үйлчилгээ явуулахад бэрхшээлгүй, мэдээллийн нууцлал өндөр орчныг хүсдэг. Энэ хүслийг нь оффшор бүс хангаж өгч байгаа учраас “Эзэд” оффшор бүсийг хэвээр үлдээсэй хэмээн залбирч буй.
Харин “Ажилчин анги” гэдэг нь нэрнээсээ ойлгомжтой. Энэ бүлэгт хамаарах хүмүүс баялгийн тэгш бус хуваарилалт газар авч байгаад сэтгэл дундуур явдаг. Тиймээс татваргүйгээр гадагш гаргахыг тэвчдэггүй. Санхүүгийн цэвэр тунгалаг байдалд тэмүүлэгчид. Оффшор бүсэд зөвхөн хөгжиж байгаа ангилалд хамаарах орнуудын 12 их наяд ам.долларын хөрөнгө нуугдаж байгаа гэдэг тооцоо бий. АНУ, барууны орнуудын иргэдийн хөрөнгийг тооцвол 32 их наядад хүрнэ. Үүний багагүй хувь нь хууль бусаар олсон хөрөнгө гэдэг нь маргаангүй. Энэ хөрөнгийг ил болгох нь эдийн засгийн асар их ач холбогдолтой гэдэгтэй эдийн засагчид санал нийлж байна. Ил болгож, тус тусын улсад нь буцааж өгвөл хулгайч, луйварчин олонтой зарим нэг буурай орон хөгжлийнхөө үзүүрээс атгачих хэмжээний мөнгө хүртэх ч боломж бий. Тийм ч учраас “Ажилчин анги” асуудлыг энэ тал руу эргээсэй хэмээн итгэн харж байгаа. Өөрөөр хэлбэл, оффшор бүсийг алга болгох нь ажилчин ангийн туйлын хүсэл.

 

Үргэлжлэлийг эндээс

 

“Голомт”-ын менежер покер тоглоод алдсан мөнгөө харилцагчийнхаа хадгаламжнаас аваад өгчихжээ

 


 

Сүүлийн үед банкны теллер, менежер зэрэг ажилтнууд ашиглан завшсан хэрэгт их холбогдох болжээ. Тэд хадгаламжиндаа их мөнгөтэй харилцагчдын дансны мэдээллийг ажил үүргийн дагуу эсвэл санамсаргүй тохиолдлоор олж мэдээд дараа нь авчихдаг болсон гэнэ.

Саяхан “Голомт” банкны төв салбарын цахим харилцааны менежерээр ажиллаж байхдаа шунахайн буюу хувийн ашиг сонирхлын үүднээс тус банкны харилцагч Х.Х-гийн ам долларын данснаас харилцагчийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж 15 удаагийн үйлдлээр 40.4 мянган доллар авсан Ц.Зундуйгийн хэргийг шүүх шийдвэрлэжээ. Тэрээр мөн иргэн Д.Т-д орон сууц худалдан авах үнийн дүнгийн 20% болох 21.100.000 төгрөгийг “Голомт” банкинд байршуулах ёстой, таны зээлийн материалыг хаанаас ирсэн материал гэдгийг нь шалгадаг учраас би өөрийгөө хамтран эзэмшигчээр оруулж байгаа юм гэж итгүүлэн данс хамтран эзэмшигчээр бүртгүүлж 21.1 төгрөгийг нь залилан авсан нь тогтоогджээ. Уг мөнгийг доллар болгоод Х.Х-гийн данс руу хийчихсэн байсан гэнэ. Шүүгдэгч 2012 оноос Голомт банкинд харилцагчийн үйлчилгээний ажилтан гэсэн албан тушаалтайгаар Цамбагарав тооцооны төвд ажил орж ажиллажээ. Дараа нь банкны төв бизнес төвд харилцагчийн үйлчилгээний менежерээр дэвшжээ. Тэрээр хоёр жилийн өмнөөс өрөнд орж эхэлсэн гэнэ. Покер тоглоод найман саяын өрөнд унажээ.

Авлагатай хүмүүс нь мөнгөө нэхээд амар заяа үзүүлэхээ больж. “…Манай ажил дээр надад мөнгө зээлүүлсэн Сарантуяа гэдэг хүн ирээд мөнгөө нэхсэн, дарга удирдлагад чинь хэлнэ гэж дарамталсан” гэжээ. Ингээд Х.Х-гийн данснаас 18,7 мянган 50 ам доллар аваад Сарантуяагийн дансанд хийсэн байна. Эзэмшигчийнх зөвшөөрөлгүйгээр их хэмжээний гүйлгээ хийж чадсан нь үнэхээр гайхал төрүүлэх зүйл. Тэрээр ердөө л хамт ажилладаг хүмүүсээ гуйж байгаад уг мөнгийг зарлагадаад авчихдаг байжээ. Банкныхан нэгнийхээ гуйлтаар харилцагчийнхаа мөнгийг өөрийн юм шиг оруулж гаргадаг гэхэд итгэхэд бэрх ч болсон явдал юм. “…Би харилцагчийн үйлчилгээний менежер Т, теллер Э-Ө, Ц нараас гуйж дээрхи гүйлгээнүүдийг хийсэн. Би тэдэнд “Х бол миний сайн таньдаг эгч байгаа юм, би өөрт нь хэлээд зөвшөөрөл авчихсан, би мөнгийг удахгүй буцаагаад хийчих юм, эсвэл манай эгч гадаадад яваа данснаас мөнгө аваад гадаад руу шилжүүлэх гэж байна, би өөрийнх нь зөвшөөрөлтэй мөнгө авах гэж байгаа юм, дараа нь өөрийг нь ирэхээр нь зарлагын баримтан дээр гарын үсгийг нь зуруулаад өгнө” гэх зэргээр энэ хэлж гуйж байгаад дээрх мөнгийг гаргуулан авсан юм” гэжээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

Түлш, эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэвийг баривчилжээ

 

 

Түлш, эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэвийг мөнгө угаасан, эд хөрөнгө завшсан хэргээр цагдан хорьжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Д.Доржпүрэвийг дээрх албан тушаалыг хашиж байх хугацаандаа ДЦС-3 ТӨХК-ийн хүчин чадлыг 50 мВт-аар өргөтгөх төсөлд “Чингис” бондын хөрөнгөөс 35 сая ам.долларын санхүүжилт авсныхаа нэг сая ам.долларыг нь завшсан хэмээн буруутгаж байгаа аж.