Жил жилийн намар нэгэн хөгжмийн зохиолч шинээр зохиосон болон ХИТ дуунуудаараа бэлэг барьж томоохон хэмжээний уран бүтээлийн тоглолт зохион байгуулсаар эдүгээ 15 дахь жилдтэйгээ золгож байна... Энэ эрхэм бол Монгол Улсын Урлагийн Гавъяат зүтгэлтэн, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбооны шагналт, Пентатоник наадмын 5 удаагийн  шагналт хөгжмийн зохиолч Л.Балхжав юм.

  Дуунд дуртай монголчууддаа зориулж жил бүр зохион байгуулдаг "Миний дуунууд" тоглолт өөр өөрийн онцлог, содон сонин, дурсах яриатай өндөрлөдөг. Тэгвэл энэ жилийн хувьд хөгжмийн зохиолчийн "Миний дуунууд" тоглолтын 15 дахь жилийнх нь ой тохиож байгаа нь яах аргагүй томоос том ОНЦЛОГ хэмээн тодотгож болох юм. Хөгжмийн зохиолч Л.Балхжав өөрийн уран бүтээлийн тоглолтын 15 жилийн ойн баяраа өөрийн уран бүтээлийн дотно нөхөдтэйгээ хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байна.

   Тоглолтонд монголын рок поп орчин үеийн хөгжмийн урлагийн  үе үеийн одод, шилдэг уран бүтээлчид: Төрийн соёрхолт дуучин Д.Болд, МУГЖ дуучин Д.Жаргалсайхан, МУГЖ дуучин Т.Ариунаа, МУГЖ дуучин Б.Сарантуяа, МУГЖ дуучин Б.Дашдондог, Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, дуучин С.Наран, “Хурд”, "Камертон", "Номин талст", "Sweetymotion","3 охин", “Мотив” хамтлагууд, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч  Б.Чинбат, ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин дуучин Б.Амархүү, дуучин Б.Баярцэцэг, Э.Агиймаа, Б.Маралжингоо, Ч.Цэлмүүн, Б.Жавхлантөгс, П.Өнөржаргал  нар оролцож ая дуугаа өргөх юм. Мөн МУГЖ Г.Ариунбаатар, МУГЖ Ө.Уянга, МУГЖ У.Уранчимэг, Universe Best Songs 2009, 2010, 2011, 2012  уралдааны шилдэг оролцогчид, мөн Мөн Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Хөгжим бүжгийн коллежийн Симфони найрал хөгжмийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ “Миний дуунууд" тоглолтын 15 жилийн ойн баярт оролцох ажээ.

   Хөгжмийн зохиолчийн уран бүтээлийн тоглолтыг энэ олон жилийн хугацаанд монголын нэртэй сэтгүүлч, хөтлөгчид хөтөлсөөр ирсэн. Тэр уламжлал ч энэ жил хадгалагдана. Дуунд дуртай Монгол түмний сэтгэлийн цангааг тайлах  дуу  хөгжмийн их чуулган – Хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд-2013” тоглолтонд үзэгч таныг урьж байна. Тоглолт 2013 оны 11-р сарын 07,08,09-ний өдрүүдэд UB Palace төвийн Концертын их танхимд зохион байгуулагдана.    

Миний  дуунууд  хичнээн  цаг хугацаа, орон  зайг  туулан танд хүрч,  баясал, гуниг, 
ухаарлын алиныг  нь авчрахыг  би таашгүй  Л. Балхжав