Манай улсад тоо тоолж барагдахааргүй олон “Авто засвар”-ын газрууд байдаг. Хашаандаа машин засна гээд толгойтой болгон хийдэг болжээ.

Үүнд хяналт тавьдаг газар гэж алга. Баянбүрд, машины зах руу явах зам дагуу болон Өгөөмөр зах гээд дурьдаад байвал дуусахгүй. Харин энэ олон засврын газрууд хүний амь настай холбоотой ажил хийдэг гэдгийг ойлгуулах газар ч алга, өөрсдөө ч анхаарахгүй болж.

Манай улсад орж ирэх машинуудын дийлэнх хувь нь үйлдвэрлэсэн улсдаа бол хэрэглээнээс хасагдчихсан байдаг. Тийм ч учраас Монголд авто засврын бизнес хамгийн ашиг орлоготойд тооцогддог. Хэдэн тэрбумаар тооцогдох мөнгө эргэлдэж байдаг энэ салбарынхан ур чадвар, техник технологийн харилцан адилгүй орчинд ажил үйлчилгээгээ явуулж байна. Мэдээж энэ олон машиныг “эмчлэх” газар зайлшгүй хэрэгтэй болно. Зөвхөн дотоод эд ангийг нь засах биш гадна сэвийг нь янзлах газар ч хэрэгтэй.

Гэтэл засврын газраас сайныг сонгохгүй бол хохирч үлдэнэ гэдгийг хэн хүнгүй мэддэг. Тэгсэн өнөө газруудын гомдол барагдахгүй нь ээ. Учир нь та бидний нэрлэж заншсанаар Баянбүрдийн тойрог “Panda avto clinic” авто засврын газраар иргэн Н машиныхаа тэнхлэг тохиргоог хийлгэсэн байна. Үнийн дүнгийн хувьд 80 мянган төгрөг болсон байгаа юм. Гэтэл хоёр хоногийн дараа хөдөө замд явж байхад нь жолоо булаагаад хажуу тийш булааж онхолдох шахсан гэж иргэн ярилаа.

Ингээд “Panda” гэх засврын газарт ирж үзүүлэхэд “Гарны боолт дутуу боосон байна” гэж хэлээд уучлалт гуйсан болоод өнгөрчээ. Ингээд энэ олон засврын газраас сонгож үйлчлүүлэхэд осол аваарт орох шахсанд гомдолтой үлдсэн хэмээн ярилаа. Энэ бол нэг л иргэний гомдол харин хэвлэл мэдээллээр дамжуулаагүй энэ мэтчилэн асуудалд орсон олон иргэн байгаа гэхэд хэлсдэхгүй.

Манайхан ч өөрсдөө авто засварын төв байгуулж, энэ төрлийн бизнес руу хүч сорих болж. Тиймдээ ч захын гэр хорооллын жижигхэн засварын газраас эхлүүлээд иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг, автоматжуулсан өндөр зэрэглэлийн авто засврын төвүүд ч олон болсон. Жижиг, сажиг засварын газруудад мөнгө төгрөг муутай хүмүүс нь очдог. Хэрэглэгчид, тэр дундаа чанартай зүйлийг эрхэмлэдэг хүмүүс олон болсон өнөө үед бусдаас арай давуу талтай, баталгаатай гэгдэх газруудыг иргэд сонгох болсон.

Харин тэдний буруу ч буруугаа хүлээх нь битгий хэл “сэгээ аваад зайл” гэх мэтчилэн элдвээр нь үйлчлүүлэгчээ доромжилж байгаа бичлэгийг “Zig Zag” Доктор авто сүлжээний засварчин залуугийн авирыг харсан. Хэрэглэгч гар утсан дээрээ бичлэг хийсэн байсан. Засварчин нь үйлчлүүлэгчээ “П”-ээр харааж, машинаа аваад зайл хэмээн загнаж байгаа бичлэг шүү дээ. Хэрэглэгчдийг хохироож байгаа том, жижиг тодотголтой засварын газруудыг нэг шалгаж үнэ болон мэргэжлийн ажилтан, энэ олон газруудыг цэгцэлж, жигдэрүүлмээр л байхым даа.

М.Буянжаргал