Барилга хот байгуулалтын яамнаас ипотекийн зээлийн журмыг шинэчлэн боловсруулж, саналаа Монголбанкинд хүргүүлсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл Төв банк ипотекийн зээлэнд хамрагдах байрны талбайн хэмжээг 100 м.кв болгон ихэсгэх боломжгүй гэж үзжээ.Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хэлэхдээ “Монголбанкнаас ипотекийн зээлийн олголтыг эхлүүлэх гэхээр нэг асуудал үүсээд байна. Тэр нь, барилга хот байгуулалтын ипотекийн зээлийн журмыг өөрчлөх шийдвэрийн төслийг боловсруулахдаа 100 м.кв хүртэлх талбайн хэмжээтэй байруудыг ипотекийн зээлэнд хамруулах асуудлыг тусгаж өгсөн. Үүн дээр Монголбанк хуучин журам дахь 80 м.кв хүртэлх талбайгаа 100 м.кв болгож нэмэгдүүлж, зээлийнхээ журмыг сулруулах юм бол санхүүжүүлэх боломжгүй гэсэн хариулт өгсөн байгаа” гэж байна. Мөн тэрбээр өнгөрсөн хугацаанд мөнгө хэвлэх замаар Монголбанк засгийн газрын алдагдлыг нөхөж ирсэн. Ийм байдал цаашид удаан үргэлжилж болохгүй гэхчлэн хэлж ярьж байна. Ямартай ч өнөөдөр засгийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх аж.

Ипотектэй холбоотой өөр нэг мэдээлэл байна. Таван хувийн зээл авахаар нэгэнт хүсэлтээ өгсөн хүмүүст зээл олгохоор болжээ. Монголбанкны Захирлуудын зөвлөлөөс таван хувийн хүүтэй орон сууцны зээлийн санхүүжилтийг зогсоох шийдвэр гаргаж, 2016 оны есдүгээр сарын 5-ны өдөр бүх банкны гүйцэтгэх захирлуудад мэдэгдсэн байгаа. Тэгвэл уг мэдэгдэл хүргүүлэхээс өмнөх таван хувийн зээлүүдийн хүсэлтийг шийдвэрлэж өгөхийг банкууд хүсчээ. Төв банк уг хүсэлтийн дагуу 2016 оны есдүгээр сарын 14-ний байдлаар ирүүлсэн 1,948 зээлдэгчийн 92.2 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэжээ. Гэхдээ хоёр үе шаттайгаар олгохоор шийдвэр гарсан байна. Эхний ээлжид нэн тэргүүнд олгох үндэслэл бүхий 739 зээлдэгчийн 44.7 тэрбумыг олгохоор болжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн