Дэлхийн олон оронд тогтмол асах нэмэгдэл ногоон гэрлээр баруун гар тийш эргэхийг зөвшөөрсөн дүрэмтэй байдаг. Тухайлбал, Америк, Канад, Солонгос улсад хэрэгжүүлсэн байдаг ба Оросын холбооны улс 2013 оноос мөрдөж эхэлсэн байдаг.
Манай улсын хувьд Улаанбаатар хотын боломжит уулзваруудад энэ хувилбарыг хэрэгжүүлж эхлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Тухайлбал: Баруун 4 замын уулзвар, Зүүн 4 замын уулзвар, Гэсэр сүмийн уулзвар, Саппорогийн уулзварт нэмэлт тэмдэг тэмдэглэл, гэрлэн дохио, мэдээллийн самбар байрлуулан 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэх гэж байна.
Нийслэлийн хэмжээнд гэрлэн дохионы зохицуулалттай 142 уулзвар байгаагаас 48 уулзвар баруун гар тийш тогтмол эргэх боломжтой.
1 талаас баруун эргэх боломжтой 12,
2 талаас баруун эргэх боломжтой 24,
3 талаас баруун эргэх боломжтой 8,
4 талаас баруун эргэх боломжтой 4 уулзвар байна.

Энэ өөрчлөлтийн давуу тал нь: Уулзварын нэвтрүүлэх чадвар сайжирна, дуу чимээ, агаарын бохирдол буурна, түгжрэл буурна, эдийн засгийн хэмнэлт гарна, нийтийн тээврийн хэрэгсэл, тусгай албаны автомашины нэвтрэх чадвар нэмэгдэнэ.
Сул тал нь: Тогтмол асах нэмэгдэл ногоон гэрлээр баруун гар тийш эргэж байгаа тээврийн хэрэгсэлд явган зорчигч, унадаг дугуйтай зорчигч мөргүүлэх, уулзвараар зүүн гар тийш эргэх болон чигээрээ яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх, осол гарах магадлалтай.
Тогтмол асах нэмэгдэл ногоон гэрэл нь Тээврийн хэрэгслийн жолоочид давуу эрх олгохгүй бөгөөд зөвшөөрсөн гэрлээр уулзвар нэвтэрч яваа явган зорчигч, тээврийн хэрэгсэлд заавал зам тавьж өгч хөдөлгөөнийг үргэлжлүүлэх, аюулгүй байдлыг сайтар ханган хөдөлгөөнд оролцох шаардлагатай юм.