Удирдлагын Академийн үе үеийн төгсөгчид, одоо суралцаж буй сонсогчдыг эгнээндээ нэгтгэсэн холбоо “Хөгжилд түүчээлье” анхдугаар чуулганаа хийлээ.

Удирдлагын Академи маань 1924 оны 04 сарын 05-нд “Нам улсын Түр сургууль” нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байсан бөгөөд энэ хугацаанд нийт 150 мянга орчим хүн төгссөн байна. Аймаг бүрт салбар зөвлөлөө байгуулсан тус холбоо нь анх “Удирдлагын Академийн Сонсогчдын Холбоо” нэртэйгээр сонсогчдын санаачлагаар 1998 онд байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2008 оноос “Удирдлагын Академийн Сонсогч Төгсөгчдийн Холбоо” болон сонсогч төгсөгчдийн уялдаа холбоогоо өргөжүүлж байсан түүхтэй.

“Судлаачид хөгжилд түүчээлье” уриатай тус байгууллага нь нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулж, түүчээлэх салбар бүрт ажиллаж буй сонсогч төгсөгчдөө нэгтгэн анх удаа чуулж буй нь энэ юм. Чуулганд 150 гаруй залуус, тус сургуулийн удирдлага болон төлөөллүүд оролцсон бөгөөд холбооны тэргүүнээр УИХ-ын гишүүн, Удирдлагын Академийн докторант Д.Гантулгыг сонгосон байна. Түүнчлэн дөрвөн дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал болон удирдах зөвлөл, хяналтын зөвлөлөө сонгож цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудаа төлөвлөжээ.