Ирэх сарын нэгэнд албан байгууллага, аж ахуй нэгжүүдийн халаалт нэгдсэн журмаар эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор зарим байгууллагууд шугам сүлжээний ажлын засвар, шинэчлэлээ хийж байна. Ингэхдээ өмнө нь хийсэн ажлаа нурааж, дахин хийж байна гэх иргэдийн гомдол дагуулсаар байгаа юм.

Мөн манайхан аливаа ажлыг цагийг нь тулгаж, эсвэл тоо судалгаа, мэдлэг мэдээлэл багатайгаар хийж хэрэгжүүлэх гээд байдагтай ч холбоотой асуудал их бий. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 135 дугаар цэцэрлэгийн шинэ барилга есдүгээр сарын нэгэнтэй уралдан ашиглалтад орж хүүхдүүдээ хүлээн авчээ. Гэтэл энэ цэцэрлэгийн явган хүний шинэ замыг нэг л өдрийн дотор хуу татаад, шугам сүлжээний ажлаа эхлүүлчихлээ хэмээн тус дүүргийн XI хорооллын долдугаар хорооны оршин суугчид сэтгэл дундуур байв. Учир нь явган хүний пасталкан замыг хуу татаад, дахин нөхсөн ч хэзээ ч өмнөх шигээ болдоггүй ажээ.

Энэ талаар тус хорооны иргэн Д.Ням ярихдаа “Манай хороонд ийм гоё шинэ цэцэрлэг баригдсанд бид их баяртай байгаа. Цэцэрлэгийн барилгын ажлыг өнгөрсөн зуны турш өдөр шөнөгүй барьсаар ашиглалтад оруулсан. Барилгын ажилчид ямар ч байсан есдүгээр сарын нэгэнд амжаад ажлаа дуусгасан. Их хөдөлмөрч залуус байна гэж харж байлаа. Гэтэл барилга ашиглалтанд ороод нэг сар болоогүй байхад явган хүний замыг нь хуу татаад, шугам сүлжээний ажил хийгээд эхэллээ. Уг нь ингэх байсан юм бол цэцэрлэгийн барилгын ажил явагдаж байхад хийхгүй яасан юм бол. Ажлын уялдаа холбоо гэж алга. Удахгүй халаалт ирэх гээд нийслэлээс хийж байгаа ажил байх гэж бодлоо. Хамгийн гол нь пасталкан зам дахиж яг өмнөх шигээ болохгүй, ингээд л эвдэрч эхэлдэг байхгүй юу. Мөн нэг ажлыг хоёр хийх болж байгаа юм” гэлээ. Тиймээс тус цэцэрлэгийн эрхлэгчтэй уулзах гэсэн боловч гадуур ажилтай байгаа гээд эзгүй байлаа. Харин шугамын ажил хийж байгаа гэх хүмүүстэй уулзаж, хаанаас, хэн шугамын ажил эхлүүлснийг асуухад “Цэцэрлэг барьсан компани нь хийж байна.

Цэцэрлэгийн бохирын шугамтай холбоотой засвар” гэж хэллээ. Харин тус цэцэрлэгийг барьсан компани болох “Жи жи ай” компанийн төлөөллөөс асуудлыг тодруулахад “Манай компани 135 дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг есдүгээр сарын нэгэн гэхэд ашиглалтад оруулж хүлээлгэн өгсөн. Харин саяхан барилгаа улсын комисст хүлээлгэж өгөх гэсэн чинь бохирын худаг хийгээгүй гэдэг шалтгаанаар хүлээж аваагүй. Төвийн бохирын шугамтай холбогдох худагийг заавал хийдэг юм байна. Бохирын худаг барилгүй шугам тавьчихсан байсан юм. Бохирын худгаа барьчихаад, улсын комисст хүлээлгэж өгөх учраас ингээд ажлаа эхлүүлчихлээ. Манайх барилга барьдаг туршлагатай. Одоо хоёр ч барилгын ажил эхлүүлчихээд явж байна. Нэг нь зайсанд нөгөөх нь Өмнөговьд баригдаж байгаа” гэлээ.

Мөн Хан-Уул дүүргийн 53 дугаар цэцэрлэгийн гадна талд явган хүний зам эвдлээд шугам сүлжээний ажил хийж байна гэх мэдээллийн дагуу очиход тэнд 80 метр хэртэй газар ухаж, дулааны шугам сүлжээний шинэчлэл хийхдээ явган хүний замыг мөн л хуу татсан байлаа. Мөн сургууль цэцэрлэг эхэлсэн учраас орой үдшийн цагт хүүхдүүд явахад ухсан нүх рүү унахгүй гэх баталгаа алга харагдаж байв. Тус цэцэрлэгийн яг ард талд шинээр баригдсан хүүхдийн хөлбөмбөгийн талбай, цаахна талд нь сургууль байгаа учраас хөл, хөдөлгөөн ихтэй газар байна лээ.

Энэ талаар 53 дугаар цэцэрлэгийн сантехникч Г.Бүрнээгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Энд ямар ажил явагдаж байна?

-Манай цэцэрлэгийн гаднах дулааны шугамын шинэчлэлийн ажил явагдаж байна. Өмнө нь хэд хэдэн удаа цоорч байсан учраас шугамаа сольж байгаа юм. Нийтдээ 80 гаруй метр газар байгаа. Өнгөрсөн жил халуун, хүйтэн усны шугам сольсон. Энэ жил дулааны шугамаа шинэчилж байгаа юм.

-Дулааны шугам солих ажил хэзээ эхлэв. Хоёр хоногийн дараа халаалт ирнэ. Халаалт ирэхээс өмнө дуусах болов уу?

-Энэ сарын 23-ны үед ажлаа эхлүүлсэн. Маргааш нөгөөдөр гэхэд бараг дуусчих байх. Үүнийг дуусгаад цэцэрлэг доторх зарим шугамаа сольж, шинэчилнэ гэж байгаа.

-Өнгөрсөн жил халуун усны шугам шинэчлэхдээ хамтад нь засч болоогүй юм уу. Эсвэл сургууль, цэцэрлэг орохоос өмнө засвар, шинэчлэлийн ажлаа хийх боломжгүй байв уу?

-Хамгийн гол нь хөрөнгө мөнгөний асуудлаас болоод ингэж байгаа юм. Бараг хоёр жил хөөцөлдөж байж дулааны шугамын санхүүжилтийг нийслэлээс гаргуулсан. Одоо дүүргээс хөрөнгө шийдээд өгчихвөл цэцэрлэгийн доторх шугамаа солино. Гаднах 80 гаруй метр шугамыг солиход 28 орчим сая төгрөг орж байгаа байх. Тендерт ялсан компани нь уг нь ажлаа шуурхай хийж байгаа” гэж ярилаа.

Энэ үеэр 50 дугаар сургуулийн сурагч Г.Мөнхнарантай уулзахад “Яг хөлбөмбөгийн талбайн хажууд шугамын ажил хийгдэж байна. Ямар ч хаалт хийгээгүй болохоор анзаарахгүй гишгэж орчихоор байгаа. Жаахан төвөгтэй санагдаж байна. Бид өдөр болгон энд ирж тоглодог. Гэхдээ орой харанхуйд явахгүй бол гайгүй байх” гэлээ.

Мөн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Б.Болд ярихдаа “Өнгөрсөн жил энэ цэцэрлэг бас л шугам засвар хийгээд байсан. Энэ жил сургууль орсон хойно л хүүхдүүдтэй зэрэгцээд засаад унах юм. Эзгүй шахуу байсан зун цагаар хийж болдоггүй ажил юм байх даа. Явган хүний замаар нэлээд урт газраар хөндөлдүүлэн шугамын ажил хийж байна. Бараг 100 метр газар байх шүү” гэж ярилаа. Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ