"Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин ба цэргийн сургалт бэлтгэл" сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтанд УИХ-н гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ оролцлоо. Энэ удаагийн Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтаар мэргэжлийн Зэвсэгт хүчин, түүний мөн чанар, онцлог, Зэвсэгт хүчний энэ чиглэлээр хөгжүүлэх асуудлын талаархи удирдах бүрэлдэхүүний бодлого, санал бодлыг хувцаалцахыг чухалчилж байгаа юм. Мөн мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин байгуулах зорилгын хүрээнд цэргийн сургалтын шинэ тогтолцоонд нийцэхүйц олон арга хэмжээг дэс дараалан хэрэгжүүлэх "Бүс нутгийн аюулгүй байдлын өөрчлөлт ба цэргийн урлагт гарч буй шинэ хандлага", "Инноваци, түүний цэргийн сургалт бэлтгэлд нэвтрүүлэх нь", " Цэргийн сургалтын тогтолцоо ба Хуурай замын цэргийн командлалын хүлээх үүрэг" зэрэг танхмын лекцүүдэд Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн хамрагдаж байгаа юм . Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ сургалтанд оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ " Би Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар томилогдсоноос хойших багахан хугацаанд олон жилийн турш салбартаа хүлээлт үүсгээд байсан батлан хамгаалахын эрх зүйн орчны шинэчлэл болох Батлан хамгаалахын багц хуулийг батлуулах томоохон ажлыг Та бүхэнтэйгээ хамтран хийж чадсанаа тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Улс орныг батлан хамгаалах нь өөрөө өргөн цар хүрээтэй, улс орны бүхий л салбарыг хамрахын зэрэгцээ иргэн бүрийн оролцоонд тулгуурласан цогц арга хэмжээ болохыг Улсын Их Хурал анхааран үзэж “Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай” хуулиар Батлан хамгаалах яамыг Ерөнхий чиг үүргийн яам байхаар баталлаа. Энэ нь төр, засгийн зүгээс бидэнд хүлээлгэж байгаа томоохон үүрэг, хариуцлага мөн гэж үзэх учиртай.

Ажлаа хүлээж авснаас хойш “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр”, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Батлан хамгаалах яамнаас авч хэрэгжүүлэх бодлогын зорилт, арга хэмжээг оновчтой тодорхойлох, “Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”-ийг боловсруулан батлуулах зэрэг ажлуудад голлон анхаарлаа.

Түүнчлэн Монгол Улсын 2016 оны төсвийн тодотгол, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэлд батлан хамгаалах сайдын төсвийн багцад тусгах саналыг нэлээдгүй сайн боловсруулан шийдвэрлүүлж байна.

Энэ хугацаанд яам, ЗХЖШ, Зэвсэгт хүчний зарим анги, салбаруудын бодит байдалтай танилцаж тодорхой мэдээлэлтэй боллоо" гээд “Мэргэжлийн Засгийн газар”-ын үйл ажиллагааны хөтөлбөрт батлан хамгаалах асуудлаар тусгасан зорилго, зорилтуудын хүрээнд хийгдэх арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө. Энэ удаагийн сургалтын үеэр Зэвсэгт хүчний 2016 оны цэргийн сахилгын дүнг гаргаж, Зэвсэгт хүчний анги байгууллагын 2016-2017 оны сургуулийн жилийн цэргийн сургалтын төлөвлөгөөг батлах юм.