Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн боулинг төвд Монголын Арванбайт боулингийн холбооны 2013 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлж, сонгон шалгаруулалтын тэмцээнээс эрх авсан шилдэг тоглогчид ганцаарчилсан төрөлд шидэлтийн ур чадварын техникээрээ өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдээс “Нью бэлэг” багийн 2 дэд мастер түрүү, үзүүр булаалдав. 

Зургаан тоглолтын нийлбэр дүнгээр Г.Сундуйжав 1055 оноо/дундаж 175,83/, Ш.Баатар 1035 оноо/дундаж 172,50/-гоор алт, мөнгөн медалийн болзлыг хангасан бол сар гаруйн өмнө болсон Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан Плехановын нэрэмжит дунд сургуулийн сурагч, 1-р зэрэгтэй тоглогч Б.Мөнхтулга /Страйкес/ 1005 оноогоор анх удаагаа хүрэл медалийн эзэн болжээ. Түүний ард 1-р зэрэгтэй тоглогч Ж.Содномдорж /Страйкес/ 1004 оноогоор, Алтангэрэл /Мобиком/ 1003 оноогоор, Узбекстаны тоглогч Илья Шипилов /Би-Зон/ 992 оноогоор удаалсан байна. Эмэгтэйчүүдийн ангилалд “ТЭЦ-3” багийн 2 тоглогчид болох 1-р зэрэгтэй тоглогч С.Хандаа, 2-р зэрэгтэй тоглогч Л.Цэцэгсүрэн нар зуузай холбон тэргүүлсэн бол 1-р зэрэгтэй тоглогч Т.Дорждэрэм /Нью бэлэг/ хүрэл медаль зүүх эрхээ гардав.

  Мөн энэ өдөр эрэгтэй, эмэгтэй дан хос, эрэгтэй гурвалсан тоглолтууд эхэлсэн бөгөөд эдгээр тэмцээн энэ сарын 27-ны ням гаригт үргэлжлэн явагдах юм. Одоогоор УАШТ-ий хамгийн өндөр оноо /231 оноо/-г 1-р зэрэгтэй тоглогч Ц.Батжаргал /Дабль-Икс/ аваад байна. Тэрээр тэмцээний үеэр зохиогдсон ур чадварын “Strike’s shot” тэмцээний 8 дах цувралд дэд байрт шалгарсан бол залуу тоглогч Б.Мөнхтулга хоёр дахиа түрүү булаалаа. 

Ирэх сарын 3-ны ням гаригт  7 төрлөөр зохион байгуулагдах УАШТ-ий эрэгтэй дан хосын болон эрэгтэй, эмэгтэй мастерын тоглолт болж, шилдгүүд медалиа гардана.