Цахим орчинд гэмт хэрэг үйлдсэн хэргээр хэд хэдэн иргэн өнөөдрийн байдлаар Эрүүгийн цагдаагийн Газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж байна. Тухайлбал, 

Эрүүгийн цагдаагийн Газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид ХУД-ийн 6-р хороонд оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй 20 настай Б /эр.20.н/ гэгч нь интернет орчинд бусдын фейсбүүк хаягийн нууц үгийг хууль бусаар олж аван, түүгээрээ 12 удаагийн үйлдлээр нийт 20 иргэнээс бага бус хэмжээний учруулж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн хэргийг илрүүлэн МУ-ын ЭХТА-ийн 148.1, 135.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар ХУД-ийн цагдаагийн 2-р хэлтэст шилжүүлэн шалгаж байна.

Эрүүгийн цагдаагийн Газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид БЗД-ийн 16 хороонд оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй А /эр.23.н/, СБД-13-р хороонд оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй М /эр.34.н/ БЗД-ийн 6-р хороонд оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй С /эр.28.н/ нар нь урьдчилан үгсэн тохиролцож, гадаадын иргэнтэй цахим орчинд / фейсбүүк/-ээр хуурамч хаяг ашиглан хуурч мэхлэх замаар харилцан улмаар уулзалт зохион байгуулж биед нь халдаж айлган сүрдүүлж их хэмжээний мөнгө, эд зүйлийг нь дээрэмдэн авсан гэмт хэргийг илрүүлэн МУ-ын ЭХТА-ийн 147.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгүүлэн ЧД-ийн цагдаагийн 1-р хэлтэст шалгуулахаар шилжүүлэн ажиллаж байна.           

 Цахим орчинд үйлдэгдэж байгаа энэ төрлийн гэмт хэргийн талаар Эрүүгийн хуулинд дараах байдлаар хуульчилж өгсөн байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн  

135 дугаар зүйл.Иргэний захидал, харилцааны нууцын  халдашгүй байдлыг зөрчих

135.1.Иргэний захидал, харилцааны нууцын халдашгүй байдлыг зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

 

148 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах

148.1.Бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

    147 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх

147.2. Энэ хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, урьд энэ гэмт хэрэгт болон булаах, далайлган сүрдүүлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, эсхүл зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн, энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг аж.  

Тиймээс  цахим  орчинд үйлдэгдэх гэмт хэрэг болон болзошгүй эрсдэлээс  сэрэмжилнэ үү.