Сүүлийн үед аль нэг улс төрийн нам эрх барихад залуус өндөр албан тушаалд мэр сэр очдог болжээ. Харин тэрхүү улс төрийн хуцнууд иймэрхүү томилгоогоо залуучуудыг дэмжиж байна, шинэ үеийнхэн төрд ажиллах ёстой гэхчилэн сурталчилдаг. Томилогдсон залуус ч мэргэжил, боловсролоороо хэнээс ч дутахааргүй болж.

Голдуу гадаадад их, дээд сургууль төгссөн иймэрхүү залуусыг үеийнхэн нь ч дэмжиж байна. Тэд бусдыгаа манлайлан төр түшилцэж нэг хэсэгтээ мандаж байгаа. Гэвч ингэж очсон залуусын дийлэнх нь эцсийн дүндээ гэмт хэрэгт холбогдон АТГ-ын хаалга татах болжээ. Зарим нь ч бүр шорон оронд ороод дуусах юм. Юун мэдлэг боловсролоо зориулан төрд зүтгэх, юун бусдыгаа үлгэрлэн эрдэм чадлаа гайхуулан ажиллах манатай болчихоод байна. Хэдхэн сарын өмнө төрийн өндөр албан тушаалд томилогдоод ажилдаа ханцуй шамлан орж байсан залуу жил ч бололгүй шоронгийн хаалга татаж байна. Нийгмийн бухимдал төрүүлж, хэрэгт холбогдож буй залуусын жишээг олон нийт мэднэ дээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат саатуулагдлаа. Тэрээр 2004 онд Н.Батбаярыг Эдийн засгийн хөгжлийн сайд байх үед зөвлөхөөр нь ажиллаж байсан. Удалгүй Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын албан тушаалд очиж байсан. Харин өнөөдөр тэрээр “Чингис”, “Самурай” бондын мөнгөний зарцуулалтаас болоод баривчлагдаад байна. Бас өнгөрсөн жил олныг шуугиулсан Г.Дэнзэнг олон хүн мартаагүй. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн тэрээр гучин нас ч хүрээгүй байхдаа “Эрдэнэс МГЛ” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар сонгогдож байв. Түүнийг эхнэрийнхээ компанид 17 тэрбум төгрөгийн тендер авч өгсөн хэргээр саатуулаад байгаа. Уг нь тэрээр сурлага, спортоор үеийнхнээ манлайлж байсан юм билээ. Замын-Үүдэд дунд сургуулиа төгсөөд МУИС-д хэрэглээний математикаар сурч Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, МУИС-ийн Математик, компьютерийн сургуульд багш, УИХ дахь АН-ын бүлэгт ажиллаж байсан. Мөн хорин хэдэн настай байх үеэсээ л Төрийн банк болон ШУТИС-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан аж. Гэтэл өнөөдөр албадан саатуулагдаад байгаа. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяагийн хэрэг бас л нийгмийг шуугиулсан. Цагдаагийн тусгай тасагт ажиллаж байгаад 1999 оноос мэргэжлийн бие хамгаалагчдыг бэлтгэдэг олон улсын холбоонд элссэн байдаг. Бие хамгаалагч, тэр дундаа өндөр түвшинд бэлтгэгдсэн мэргэжлийн хүн болохоор хэд хэдэн сургууль төгссөн түүнийг УИХ-ын гишүүн асан Х.Баттулга дэргэдээ авч улмаар Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон. Гэсэн ч өнөөдөр бас л шоронд хоригдон шалгуулж байгаа.

Харин өнөөдөр сургууль соёлд амжилттай суралцаад, бусад залууст үлгэр дуурайл болон ажиллаж байсан залуус яагаад “аавын” хаалга татаад байна вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Элдэв хэрэгт холбогдож шалгагдаад яваад байгаагийн гол учир нь том улстөрчдийн гар хөл болдогт байх шиг. Туршлагатай, хал үзсэн улстөрчид хууль бус үйлдэл хийхдээ залуу хүмүүсийг өөрийнхөө өмнөөс тавьчихаад байна. Яг л нохойд барьдаг мод шиг. Залуус тэдний энэ үйлдлийг таамаглахгүйгээр гэнэн зангаар хандаж эцэст нь шоронд ороод дуусах юм. Уг нь хэний ч өмнө нүүр улайхааргүй боловсролтой залуус дурын нэг хүнд тийм ч амархан тархиа базуулчихгүй. Гэтэл тэд хууль мэдэхгүйгээс болж ингэж алдаад байгаа болов уу. Үүний зэрэгцээ залуу хүний хөнгөн, хашир биш зан байдаг л байх. Гэхдээ төрийн өндөр алба хашиж буй бол залуу насаар өөрийгөө хаацайлж болохгүй. Ямар ч асуудалд ул суурьтай ханддаг болмоор байна. Ингэхийн тулд төрийн ямар ч шатны албанд ажиллаж буй залуус хуулиа сайн мэддэг болмоор байгаа юм. Ядаж л Үндсэн хуулиа маш сайн судлах хэрэгтэй. Цаашлаад ажиллаж буй салбарынхаа холбогдох хууль, тогтоомжийг эхнээс нь дуустал яв цав цээжилчих. Хэрэв төрийн албанд карьер хөөж ажиллана гэж бодож байгаа бол танил тал харж гүйхээсээ өмнө эхлээд хуулиа сайн судлах хэрэгтэй. Үүнийхээ дараа албан тушаалд дэвш. Зоригтой ажилла. Залуу хүн алба хашна гэдэг муу зүйл огтоосоо биш. Харин ч бусдаас илүү зоригтой, тууштай ажиллах ёстой юм. Хамгийн гол нь ямар ч албан тушаалд очоод бие хүн баймаар байна. Намайг ажилд оруулж ирсэн юм чинь, энэ өндөр албан тушаалд томилсон юм чинь гэдэг байдлаар бусдад хандах хэрэггүй. “Хуулийн дагуу ажиллахгүй бол хоёулаа хамтдаа шоронд орно. Тиймээс хууль зөрчихгүй, болохгүй” гээд зогсож байх чадалтай бие хүний шинж залууст дутагдаад байна. Өөрийгөө өртэй болсон мэт сэтгээд хууль бус үйлдлийг нүдээ аниад хийхийнхээ оронд хэнбугайд ч үгүй гэж хэлээд сурчих. Болохгүй зүйлийг нь мэдэж байгаа бол үгүй гэж шуудхан хэлэх зоригтой бай. Хүнд үгүй гэж хэлж сур. Энэ бол аливаа эрсдэлээс, АТГ-аас, шоронгоос хамгаалах хамгийн чухал алхам. Дээрээс нь хуулиа сайн судалчих. Чамайг хамгаалах ганц зүйл бол хууль. Өөр юу ч биш. Хуулийн дагуу ажиллахад хэн ч, яах ч үгүй. Хэн нэгэн дарга, албан тушаалтанг таньдаг байлаа гэхэд буруутай үйлдлийн чинь төлөө тэд чамайг хуулийн өмнө хамгаалж дийлэхгүй. Хуулиа мэдэхгүйгээс болоод, бусдад сайн хүн болох гэж буруу шийдвэр гаргаад залуу сайхан насаа шоронд өнгөрүүлж байгаа бол өөрийн чинь буруу. Тиймээс хэний ч өмнө, ямар ч эрх мэдэлтний өмнөөс буруу шийдвэр гаргаж өөрийгөө хохироохгүй байх хэрэгтэй. Эцсийн эцэст өөрийнхөө толгойг чи өөрөө л хариуцаж үлдэнэ.

Буруудаад ирэх цагт чинь нөгөө тэнгэр мэт, сүмбэр уул шиг ахсаж, найзархаж байсан нөхөд чинь хэзээ ч уулзаж байгаагүй мэт аашлах болно. Ийм л хоёр нүүртнүүд чамайг тойрон эргэлдээд байгааг залуус минь анзаарахсан.

С.АЛТАНЦЭЦЭГ