Налайх дүүргийн тавдугаар хороо, Гордокын баруун талд зам тээврийн осол болж,  дөрвөн хүн нас барж, таван хүн гэмтсэн хэрэг гарчээ.

Онцгой байдлын газарт өчигдөр 13:12 цагт хүн автомашин дотроо хавчуулагдсан байна гэсэн дуудлагын дагуу  Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 28 дугаар ангийн тасаг ажиллаж “Соната-3” загварын суудлын автомашин, “Ланд крузер-100” загварын автомашинтай мөргөлдсөний улмаас “Соната-3” автомашины дотор зорчиж явсан иргэн 60 гаруй настай эмэгтэй автомашины төмөр хийцэд хавчуулагдсаныг гаргаж, дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн түргэн тусламжийн эмчид шилжүүлсэн байна.

Мөн хавчуулагдан нас барсан 56 настай, эрэгтэйн цогцосыг гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн  бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн аж. Ослын газраас  зорчиж явсан иргэдийг  эмнэлэг рүү  авч явах үед гурван эмэгтэй, нэг настай  эрэгтэй хүүхэд нас барсан байна. Харин ослын улмаас хүндээр гэмтсэн  44 настай эмэгтэй, 32 настай эмэгтэй, 12 настай эмэгтэй, найман  настай эмэгтэй, овог нэр, хаяг нь тодорхойгүй  нэг хүүхдийг ГССҮТ-т хүргэжээ.

Х.Даваа