"Алтжин”-гийн Г.Алтан гэх сүрхий бизнес хатагтай бий. Гэхдээ л түүнийг Монголчууд бараг л мартаж орхиж. Шар сонины тэргүүн нүүрийг байнга л чимэж байдаг хатагтай, нам гүмхэн амьдраад багагүй хугацааг өнгөрүүлжээ.

 

Тэгвэл ойрын үед түүний нэр хэвлэлүүдийг чимэх боллоо. Гэхдээ амрагийн харилцаа бус харин албан тушаалын томилгоотой холбоотой асуудлаар багагүй шуугиан тарьж бичигдэж эхэллээ. Тухайлбал, Г.Алтанг "Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар томилохоор МАН-ын удирдах зөвлөлийн гишүүд тохиролцсон гэх мэдээлэл байна. Мөн одоогоор захирлынх нь суудал хоосон байгаа Төрийн банкыг ч түүнд өгч магадгүй гэх мэдээлэл байна. Ер нь МАН Г.Алтанд яаж ийгээд л нэг ашигтай албан тушаал өгөх нь ойлгомжтой болчихоод байна. Нэг ёсондоо Г.Алтанд өрөө төлөх ажлыг МАН зохион байгуулж эхэлсэн гэж хэлж болно.

 

Юун яасан өр билээ гэж сонирхож магадгүй. Тэгвэл 2012 оны 11 дүгээр сарын 6-нд МАН дотоод ажилдаа зарцуулахаар Г.Алтангаас нэг сая ам.доллар зээлж авсан байдаг. Зээлийн гэрээнд МАН-ын тухайн үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар гарын үсэг зурж, Лениний музейг барьцаанд тавьсан тухай мэдээллүүд хэвлэлээр хангалттай бичигдсэн.

 

 

Энэ мэт өр төлбөрийн асуудал Г.Алтан болон МАН-ын хооронд бий. Харин МАН энэ сонгуулиар ялалт байгуулчихлаа. Ялалт байгуулсан нам юу л байна албан тушаал л байна. Эдгээр албан тушаалуудаас Г.Алтанд санал болгож, харин бизнес хатагтай өөрт ашигтайг нь сонгох нь ойлгомжтой биз.

 

 

Өнөөдөртөө хамгийн их хөрөнгө эргэлдэж байгаа төрийн мэдлийн хоёр байгууллага бол "Эрдэнэт” болон Төрийн банк. "Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар АН-ыг засаг барих үед томилогдсон Ц.Даваацэрэн ажиллаж байгаа. Түүнийг он дуусаад гавьяаны амралтаа авч магадгүй гэх мэдээлэл байна. Ер нь нам нь солигдчихсон энэ үед аль нэг аргаар албан тушаалаасаа чөлөөлөгдөх нь ойлгомжтой асуудал. Харин түүний оронд Г.Алтан хатагтайг томилох тухай асуудал МАН-ын удирдах зөвлөлийн хэмжээнд яригдсан байж болзошгүй.

 

 

Мөн "Төрийн банк”-ийг хувьчлах асуудал хүчтэй яригдаж байна. Энэ хувьчлалд Г.Алтан гол тоглогчоор оролцож, өр цайрахыг ч үгүйсгэхгүй. МАН Г.Алтанд хэрхэн өрөө төлөх вэ, харж л сууя.

 

 

А.Аюуш

Үндэстэн агентлаг